Томуу томуу төст өвчний гаралт буурахгүй байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-01-29 23:37:24

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад үйлчлүүлэгсдийн 13,1 хувь нь томуу, томуу төст өвчлөлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. 

Өнгөрсөн сараас томуу, томуу төст өвчлөлийн хувь өссөн дүнтэй байна. Өвчтөнүүдийн 60 гаруй хувь нь хүүхэд, 30 гаруй хувь нь насанд хүрэгчид байна. Эрүүл мэндийн байгууллагууд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгааг тогтмол хийж байна. Ялангуяа өрхийн эмнэлгүүд дээр хүүхдийн дархлааг сайжруулах чиглэлээр залуу эцэг эхчүүдэд сургалт явуулж байгаа. БНХАУ-ын Ухань хотод тархаад буй шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг аймгийн нэгдсэн эмнэлэг болон 24 сумын Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн газрууд идэвхтэй хийж байна. Мөн дээрх халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөө зурагт хуудсыг олон нийтийн газрууд болон тээврийн үйлчилгээний газруудад байршуулах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол байхгүй байна хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Амны хаалтны хүрэлцээ муу байгаа

Аймгийн төв Улиастайд долоон эмийн сан, 24 сумын ЭМТ-ийн дэргэдэх эмийн сангуудад амны хаалтны нөөц хангалтгүй байна.

Амны хаалтны хүрэлцээ хангалтгүй байгаа хэдий ч эмийн сангуудад гар ариутгагч шингэн хүрэлцээтэй байгаа. Гар ариутгагч нь үйлдвэрээсээ шалтгаалаад өөр өөр үнэтэй байгаа. Үнийг нэмээгүй хуучин үнээр нь худалдаалж байгаа. Өнөөдөр "Монгол эм импекс"-ийн Завхан дахь салбар 5000 амны хаалтыг Улаанбаатар хотоос татан авч худалдаалж эхэлж байна. Эмийн сангууд амны хаалтны үнийг нэмээгүй. Япон улсад үйлдвэрлэсэн шүүгчтэй, 24 цаг хэрэглэх зориулалт бүхий амны хаалт нэг бүрийн үнэ нь 600 төгрөгөөр зарагдаж байна. Харин бусад эмийн сангуудын хувьд амны хаалтны захиалгыг өгсөн. Үнийг хэт хөөрөгдөж нэмэхгүй. Эмийн сангууд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих зорилгоор хэд хэдэн төрлийн бэлдмэлийг оруулж ирж буй тухай мэдээллийг нэмж дуулгалаа.

Холбоотой мэдээ