Цагаанхайрхан сумын Хунт багийн малчид нутгаа хамгаалан тэмцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-03 14:24:51

Увс /МОНЦАМЭ/. Цагаанхайрхан сумын Хунт багийн нутаг Алаг толгой хэмээх газарт Улаанбаатар хотын “Будар минералс” компани өнгөрсөн 9-р сараас эхлэн алтны хайгуул хийх гэж байсныг нутгийн иргэд эсэргүүцэж таслан зогсоосон байна.

Тус компани нь 2018 оны 12-р сарын 7-нд Ашигт малтмалын газраас 30 жилийн хугацаатай 365 га газарт ашиглалтын А лицензийг Алаг толгойд авчээ. Улмаар 2018 оны 12-р сарын 20-ны өдөр Хунт багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж, сумын засаг дарга Д.Дагвасүрэн, Будар минералс ХХК-ийн захирал Ж.Рэнцэнчир нар оролцож, алтны шороон орд төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг танилцуулж иргэдээс санал хураасан байна. Тус санал хураалтад 41 иргэн оролцож, 40 хүн дэмжээгүй, 1 хүн дэмжжээ. Гэтэл эсрэгээрээ 39 хүн дэмжсэн, 2 хүн дэмжээгүй гэсэн хуурамч тогттоолыг гаргаж, сумын засаг даргатай 2019 оны 1-р сарын 1-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Тухайн компани өнгөрсөн 9-р сард ажлаа эхлүүлсэн ч нутгийн иргэд эсэргүүцэн буулгажээ.

Цагаанхайрхан сумын Хунт баг нь 148 өрхийн 620 хүн ам, 66,700 гаруй толгой малтай, сумын нийт малын 63,8 хувийг эзэлдэг томоохон баг аж. Тус багийн нутагт 2015 оноос эхлэн алтны шороон ордын хайгуул хийж эхэлсэн байна. Хунт багийн иргэд хэлэхдээ: “Бид хурлаараа дэмжээгүй байхад хуурамч тогтоол гаргаж, сумын засаг дарга гэрээ байгуулсныг эсэргүүцэж байна. Бид төрж өссөн газар нутаг, малын бэлчээрээ ухуулахгүй, цаашдаа тэмцсээр байх болно гэдгээ мэдэгдэж эсэргүүцлийн цуглааныг өнгөрсөн сарын 23-нд зохион байгуулжээ. Тус цуглаанд аймгийн засаг даргын орлогч Т.Нямсамбуу оролцож, иргэдийн санал бодлыг сонссон байна. Тэрбээр хэлэхдээ: “Аймгийн удирдлагуудын зүгээс уул уурхайг дэмжихгүй байгаа. Сумын удирдлагуудын зүгээс бидэнд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Цаашдаа тус лицензийг цуцлуулах тал дээр анхаарч ажиллана” гэсэн байна.  

Нутгийн иргэдийн зүгээс хуурамч тогтоолд гарын үсэг зурсан Хунт багийн Иргэдийн нийтийн хурлын дарга С.Жаргалмаа болон хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Будар минералс компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан Цагаанхайрхан сумын засаг дарга Д.Дагвасүрэн нарт хариуцлага тооцохыг аймгийн удирдлагуудаас шаарджээ. Мөн А лиценз олгосон Ашигт малтмалын газар, Ерөнхий сайд болон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаж тухайн лицензийг цуцлуулах арга хэмжээ авахыг хүссэн байна. Цаашид малын бэлчээрийн гол түлхэц газар болох Хунт багийн Алаг толгой хэаээх газарт ямар ч уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ тус багийн иргэд хэлж байна.

Холбоотой мэдээ