Монгол, Энэтхэг улс хамтран сүүний хөтөлбөр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-02-04 12:42:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Энэтхэг, Монголын хамтарсан сүүний хөгжлийн хөтөлбөр” төслийг хэрэгжүүлнэ. 

Энэ тухай УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзах үеэр санал солилцлоо. 

Уулзалтаар Энэтхэг улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Малын эмнэлэг, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын ХХААХҮЯ, БНЭУ-ын Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн болон загасны аж ахуйн яам хоорондын ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар хөндсөн юм.

БНЭУ жилд 175 сая тонн сүү үйлдвэрлэснээр энэ салбарт дэлхийн зах зээлийн 21 хувийг эзэлж байна. “Үер операц” /Operation Flood/ дэлхийн сүүний хөгжлийн томоохон хөтөлбөрийг 1970 оноос хэрэгжүүлж, орон нутгийн жижиг фермерээс хотын хэрэглэгч хүртэлх бүхий л шат дамжлагыг уялдаатай хөгжүүлснээр ханган нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болгосон юм. Энэ туршлагыг Монголд нэвтрүүлэхэд хамтран ажиллаж “Энэтхэг, Монголын хамтарсан сүүний хөгжлийн хөтөлбөр” төслийг энэ оны 4 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр боллоо. 

Төслийн хүрээнд Энэтхэгийн Сүүний Хөгжлийн Зөвлөл /National Dairy Development Board - NDDB/, Мужхкува сүүний хоршооллын нийгэмлэг, АМУЛ хоршоолол зэрэг байгууллагатай хамтран ажиллаж, институцийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл, маркетинг, менежмент мониторинг гэсэн 4 үндсэн чиглэлээр хэрэгжүүлэх талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.  


Холбоотой мэдээ