Гэмтлийн согог заслын тусламж үйлчилгээг орон нутагт үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-05 09:54:05

Увс /МОНЦАМЭ/. “Орон нутагт гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төсөл энэ нэгдүгээр сараас эхлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэрэгжиж байна.

Тус төслийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс санаачлан Эрүүл мэндийн яам, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагтай хамтран хэрэгжүүлж байгаа аж.

Энэ хүрээнд гэмтлийн нарийн мэргэжлийн 12 эмч мэргэжилтэн гурван сарын хугацаанд ээлжээр ирж ажиллах юм байна. Эхний ээлжийн 4 эмч мэргэжилтэн нэгдүгээр сарын 31-ний өдөр буцаж, дараагийн ээлжийнхэн энэ сарын 3-наас орон нутагт ажиллаж эхлээд байна. Эхний ээлжийн эмч нар амбулаторийн үзлэгээр 100 гаруй хүнийг үзэж оношлон, 20 гаруй хүнд мэс засал хийжээ.

“Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төсөл Увс аймагт хэрэгжээд нэг сар болж байна. Энэ хугацаанд манай тасгийн хамт олон нарийн мэргэжлийн эмч нартай хамтраад гэмтлийн гаралтай тархины мэс засал, түнх, өвдөгний үе солих мэс засал, өвдөг, мөрний дурангийн оношилгоо, арьс нөхөх мэс засал, хөлдөлт, түлэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээ, хүүхдийн согог засал зэрэг мэс ажилбаруудыг хийлээ. Энэхүү төсөл нь цаг үеэ олсон, дадлага туршлага өгөхүйц, томоохон ач холбогдолтой ажил болж байгаад баяртай байна” хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эрхлэгч эмч Ж.Батсүх хэллээ.

Улаанбаатар хот руу явж хийгддэг гэмтлийн согог заслын тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлэх болсноор ард иргэдийн амьдрал ахуй, эдийн засагт тустай ажил болж байна.

 

Холбоотой мэдээ