Зоонозын өвчин судлалын төвд туулах чадвар сайтай автомашин олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-04 18:12:39

Ховд /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамнаас Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвд туулах чадвар сайтай пургон автомашин олгосон юм. Энэхүү автомашиныг өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тус төвийн дарга Б.Баяржаргалд гардуулан өгөв.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь байгалийн голомтот халдварт өвчнийг илрүүлэх, тархалтыг зогсооход шаардлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд автомашины асуудал тулгамддаг байжээ. Мөн одоо ашиглаж буй хоёр автомашины, ашиглалтын хугацаа дууссан байна.

Тиймээс тус байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ийнхүү шинэ пургон автомашин олгохоор шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хамт олон жилд дунджаар 120-150 дуудлага, тусламж үйлчилгээнд явахдаа 10 мянга орчим км замыг туулж байна. Иймд шинэ автомашинтай болсноор иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал хувь нэмэр болно гэж албаныхан онцоллоо.

Энэ үеэр Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн яаралтай тусламж үйлчилгээ, хээрийн шинжилгээ судалгаа, хүний өвчлөлийн дуудлагын бэлэн байдлыг хангах нөөц бүрдүүлэх зорилгоор нүдний шил, зайнаас халуун хэмжигч, нэг удаагийн комбинзон зэрэг эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өгөв.

Эдгээр эмнэлгийн хэрэгслийг “Эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд нийт 2 сая 764 мянган төгрөгийн санхүүжилтээр олгож байгаа аж.   

 

Холбоотой мэдээ