Улсын Онцгой комиссын шуурхай баг хилийн боомтуудад ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-02-06 09:44:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан “Шуурхай бүлэг” өнөө өглөө хилийн боомтууд руу нислээ.

Тус нислэг нь шинэ коронавирусний  халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хянах, хилийн боомтуудад үүссэн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой юм.

Ажлын багийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ болон Авто тээврийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд багтжээ.   

Ажлын баг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Замын-Үүд”, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “Гашуунсухайт”, мөн аймгийн Гурвантэс сум дахь “Шивээхүрэн”, Улаанбаатар хот дахь “Буянт-Ухаа” боомтын үйл ажиллагаа, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгөх аж.

Холбоотой мэдээ