Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ барилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-06 10:00:02
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа энэ сарын 5-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ барилаа. Ёслолын ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Ю.В.Ушаков, Гадаад харилцааны сайд С.Лавров зэрэг албаны хүмүүс оролцсон байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Элчин сайд Д.Даваад баяр хүргэж, Монгол Улс ОХУ-ын цаг үеэр шалгарсан эртний найрсаг хөрш гэдгийг тэмдэглээд өнгөрсөн онд хамтдаа Халх голын 80 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлснийг дурсжээ. Түүнчлэн найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хооронд хугацаагүй гэрээ байгуулсан, улс төрийн нягт харилцааг эдийн засгийн тодорхой төслүүдээр баяжуулах нь чухал болохыг тэмдэглээд, Орос, Монгол, Хятад гурван талын яриа, хэлэлцээнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрийн мэндчилгээг уламжилж Элчин сайдад үүрэгт ажлаа хэрэгжүүлэхэд нь бүх талын туслалцаа үзүүлэхээ тэмдэглэсэн байна.


Энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч гадаад орноос ОХУ-д суух 23 Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дотор Их 5 буюу НҮБ-ийн Аюулгүй байдлын Байнгын хорооны гишүүн 5 улс болох БНХАУ, АНУ, Их Британи болон Франц Улсаас тус улсад суух Элчин сайд нар багтжээ.



Холбоотой мэдээ