Бүтэн сар үнэгүй зорчих цахим картаар 100 хэрэглэгчийг урамшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-06 11:14:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээвэрт цахим картаар үйлчлүүлж буй иргэдээс 10 хүртэл хүнийг 500 мянган төгрөгийн азтанаар тодруулахаар болсноо "Улаанбаатар Смарт карт" ХХК-иас өнөөдөр мэдээллээ. 

Мөн 2 сая төгрөгийн нэг супер азтанг тодруулах аж. Харин бүтэн сар үнэгүй зорчих цахим картын эрхийг 100 хүртэл хэрэглэгчид олгох юм байна. "Ёндоотой карт", "Ёндоотой зорчигч" хэмээх энэхүү урамшуулалт хөтөлбөр нь автобус, нийтийн унаанд цахим карт ашиглаж буй зорчигчдыг урамшуулах зорилготой. 


Энэ нь "Улаанбаатар Смарт карт" ХХК нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлсний 5 жилийн ойн хүрээнд хийж буй үйл ажиллагаа юм гэдгийг тус компанийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд мэдэгдлээ. 

Өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд энгийн болон хүүхдийн цахим карт, мөн ХААН банк, "Юнител", "Мобиком", "Скайтел" компаниудтай хамтарсан картаар зорчигчид төлбөрөө хийж байна. 

"U money" картын цэнэглэх хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд үйлчилгээг ойртуулах зорилгоор картын пос төхөөрөмжөөр цэнэглэх боломжийг судалж туршиж байна.

"Ийзи Пэй" ХХК-ийн пос машин нь бизнес эрхлэгч нарт зориулсан бэлэн бус төлбөр тооцооны олон боломжийг нэг дор авах, мөн НӨАТ-ын баримтыг автоматаар бүртгэж, банкны картаар хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрт хамрагдах боломжтой, бэлэн бус төлбөр тооцооны карт уншигч машин юм гэдгийг танилцуулав. 


Тодруулга: "Ёндоотой карт", "Ёндоотой зорчигч" урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд "U money" картын арын 16 оронтой тооны 4 тоо таарсан тохиолдолд сарын хязгааргүй картын эзэн болох юм байна. 5 орон таарсан тохиолдолд 500.000 төгрөгийн шагнал, 6 орон таарсан тохиолдолд супер шагнал 2 сая төгрөгийн азтан болно. 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ