Аяллын хөлөг онгоцон дээрх өөр 41 хүнээс коронавирус илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-02-07 10:01:20

ТОКИО. /Kyodo/. Японы Канагава мужийн Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон аяллын хөлөг онгоцны тавцан дээрх өөр 41 хүнээс шинэ төрлийн коронавирусний халдвар илэрч, нийт халдвар авсан хүний тоо 61 хүрсэн талаар Японы Эрүүл мэндийн яам баасан гарагт мэдээлжээ.


“Коронавирусээр халдварласан хүмүүс 20-80 насны иргэд бөгөөд тэднийг Токио хот болон Сайтама, Чиба, Канагава, Шизүока мужийн эмнэлгүүдэд хүргэхээр төлөвлөж байна. Тэдгээрийн дунд ноцтой шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй” гэж Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


41 хүний дунд Японы 21, Америкийн 8, Австралийн 5, Канадын 5, Аргентин, Их Британийн 1 иргэн байгаа ажээ. Diamond Princess” нэртэй аяллын хөлөг онгоцны тавцан дээр 56 улс орон, нутаг дэвсгэрийн 3700 орчим хүн байгаа юм.


Хонконгийн 80 настай оршин суугч энэхүү хөлөг онгоцоор зорчиж, Хонконгт буусны дараа түүнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан уг онгоцыг энэ сарын 19 хүртэл хөл хорионд оруулжээ. Уг зорчигч өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур Токиод ирж, дээрх хөлөг онгоцонд 20-нд сууж, 25-нд Хонконгт буусан байна. 



Холбоотой мэдээ