Хоёр сумын 75 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж олголоо

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-02-07 17:05:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын Улаан загалмайн нийгэмлэг /МУЗН/-ээс тус аймгийн Сүхбаатар, Халзан сумын 75 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багцын тусламжийг үзүүллээ. Хүмүүнлэгийн тусламжийг МУЗН-ийн ЕНБД-ын орлогч Т.Баярчимэг, аймгийн УЗХ-ны дарга Т.Содномцэрэн тэргүүтэй ажлын хэсэг малчдын хотонд нь очиж хүлээлгэн өгчээ.

МУЗН нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” буюу гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үүднээс эрт хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны журмыг боловсруулан ажиллаж эхэлсэн. Үүний дагуу МУЗН болон аймгийн УЗХ-ноос бүрдсэн ажлын хэсгийнхэн энэ сарын 05, 06-ны өдөр Сүхбаатар, Халзан суманд ажиллалаа.  Нэг өрхөд бэлнээр 240 мянган төгрөг, малын витаминжуулсан тэжээл, 100 гаруй мянган төгрөгийн өртөг бүхий загасны, туурайн, нүдний тос гээд нийт дүнгээр 400 мянган төгрөгийн дэмжлэгийг үзүүлжээ. 

Өөрөөр хэлбэл Сүхбаатар аймгийн 75 малчин өрхөд нийт 30 сая төгрөгийн дэмжлэгийг МУЗН-ээс үзүүлсэн. Энэхүү хүмүүнлэгийн тусламжид хамрагдах малчин өрхийг аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтран сонгосон. Ингэхдээ 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200-аас доош малтай өрхүүдийг сонгожээ.

Мөн энэ үеэр аймгийн УЗХ-ноос малчин өрхүүдэд томуу томуу төст өвчин болон шинэ төрлийн коронавирусний халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай заавар зөвлөмжийг хүргэж, мөн малчин өрх тус бүрийг витаминжуулсан байна.

 

Холбоотой мэдээ