ХОМ-ээ бүртгүүлэх хугацаа дуусахад найман хоног үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-08 11:26:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ээ АТГ-т бүртгүүлэх хуулийн хугацаа дуусахад найман хоног үлдлээ. 


2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 11 цагийн байдлаар 34 364  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 82,1 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, Батлан хамгаалах яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Увс, Завхан, Хэнтий аймгийн ЗДТГ мэдүүлгээ 100 хувь авч дууссан дүн мэдээтэй байна. 


АТГ-аас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд илүү цагаар болон 2 дугаар сарын 15-ныг хүртэлх амралтын бямба, ням гарагт ажиллах тул хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг анхааруулж байна. Улсын хэмжээнд мэдүүлгээ гаргавал зохих нийт 41.900 орчим албан тушаалтан байгаа юм.

Холбоотой мэдээ