Баар, ресторан, соёл, спортын клубын үйл ажиллагааг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-02-12 19:26:05

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах зорилгоор аймгийн Засаг даргын захирамж өнөөдөр гарлаа.

Тус захирамжид хоёрдугаар сарын 12-ны өдрөөс ирэх сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй баар, кафе, караоке, саун, нийтийн бүжиг, фитнес зэрэг соёл, спортын клубуудын үйл ажиллагааг түр зогсоосугай гэжээ.

Түүнчлэн хүнсний дэлгүүр, зоогийн газрын согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хуваарийг өглөөний 10:00 цагаас 18:00 цаг хүртэл болголоо. Зочид буудлын үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ-ууд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглож, үйлчлүүлэгчид гаднаас архи, согтууруулах ундаа нэвтрүүлэхгүй байх тал дээр хяналт тавьж ажиллахыг эздэд нь үүрэг болгосон байна.

Энэхүү захирамж нь аймгийн хэмжээнд хэрэгжих учир зөвхөн Дархан суманд үйлчилгээ эрхлэгчид бус Орхон, Шарын гол, Хонгор сумын Засаг дарга нарт захирамжийг хэрэгжүүлж хяналт тавьж ажиллахыг анхааруулав.

Холбоотой мэдээ