Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн дурангийн тасгийг шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-13 13:04:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн засвар шинэчлэлийн ажилтай танилцлаа.

Тус эмнэлгийн Гастроэнтерологийн дурангийн тасгийг 2019 оны сүүлээр иж бүрэн завсарлан шинэчилж, олон улсын стандартад нийцсэн, үйлчлүүлэгч болон эмч, ажилчдад тав тухтай орчныг бүрдүүлэн шинэ зохион байгуулалтаар ажиллаж эхэлжээ.

Энэхүү засварын ажил хийснээр дурангийн бохир цэвэр урсгалтай, хянах өрөөтэй, ариутгалын хэсгийн урсгал зааврын дагуу явах боломжтой юм. Мөн үйлчлүүлэгчийн хувцас солих, рентген өрөөтэй болсноор өнөө үед элэг шилжүүлэн суулгасны дараах оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийх боломж бүрдэж байна.

УНТЭ-ийн Гастроэнтерологийн дурангийн тасгийг 1973 онд байгуулан оптик дурантай ажиллаж эхэлжээ. 2006 онд Монгол Улсад “FUJINON” видео-эндоскопийн дурантай болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн бөгөөд 2013, 2016 онд Австрийн Засгийн газрын төсөл, Япон улсын тусламжийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн “Olympus-EXERA III” загварын /ходоод, бүдүүн гэдэс, уушиг, дээд гэдэс/ дурантай болсноор олон улсын жишигт ойртон дотрын эмч нар өөрсдөө дурангийн оношилгоог хийдэг болжээ.

Тус тасаг 2011 онд жилдээ 5 000 орчим оношилгоо хийж байсан бол 2014 оноос дурангийн сүүлийн үеийн 14 000 орчим эмчилгээг практикт эрчимтэй нэвтрүүлж эхэлсэн байна.

Жил бүр дурангийн тасгийн үйл ажиллагаа өргөжиж, үзлэг оношилгооны тоо өсч байгаа боловч ажиллах орчин хязгаарлагдмал стандартын шаардлагад бүрэн нийцдэггүй байжээ.  


Холбоотой мэдээ