Нэгдсэн эмнэлэг үйлчлүүлэгчдэдээ сургалт мэдээллийг өдөр бүр өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-02-13 18:04:19

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Нэгдсэн эмнэлэг үйлчлүүлж буй иргэн бүрийн биеийн халууныг хэмжиж зөвхөн амны хаалттай иргэнд үйлчилж байна.

Тус эмнэлгээр өдөртөө 140 гаруй хүн үйлчлүүлдэг бөгөөд хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш үйлчлүүлэгч бүрийн халууныг хэмжиж үзэж буй. Одоогоор үйлчлүүлсэн иргэдээс халуунтай үйлчлүүлэгч гараагүй байна. Хорио цээрийн үед эмнэлгийн амбулаториор үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдээгүй ачаалал хэвийн байна. Долоо хоногийн эхний гурван өдөр шинжилгээ өгөх иргэдийн тоо бага зэрэг нэмэгддэг. Бусдаар эмнэлгийн үйлчилгээ жигд явж байгаа. Коронавирусний халдвараар нэг хүн өвчлөхөд зургаан хүнд халдвар дамжих өндөр эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй. Иймд иргэд онцын чухал шаардлага гарахгүй бол гадуур гарахгүй байх, олон хүн төвлөрсөн газраар явахгүй байх, амны хаалтыг тогтмол хэрэглэх, гудамж талбайд нус цэр хаяхгүй, муу бохир ус асгахгүй, биe засахгүй байхыг хүсэж байна.

Мөн зайлшгүй шаардлагагүй бол эмнэлгээр үйлчлүүлэх хэрэггүй. Учир нь үзүүлэхгүйгээр эмнэлгээр явж байгаа иргэд бас байна. Манай эмнэлэг өдөр бүр үйлчлүүлж буй иргэдэд зориулж гар ариутгах, амны хаалтаа зөв зүүх аргыг зааж, мэдээлэл тогтмол өгч байгаа хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетын зөвлөгч Ё.Энхтуяа мэдээлэв.

Коронавирусний халдварын үед

амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Завханы Нэгдсэн эмнэлгээс иргэд, үйлчлүүлэгчдэд коронавирусний халдварын үед амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх талаарх зөвлөгөөг өгч байна.

Амны хаалт нь амьсгалын замаар гадагшилж буй халдвар үүсгэгчийг хязгаарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах арга хэмжээний нэг нь амны хаалт хэрэглэх явдал юм. Амьсгалын замын өвчлөл хүн амын дунд тархалт их, дэгдэлт бүртгэгдэж байгаа үед өөрийгөө болон ойрын хүрээний хүмүүсээ халдвараас сэргийлэх зорилгоор амны хаалтыг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд: хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газарт (дэлгүүр, зах, үзвэр үйлчилгээ гэх мэт). Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ, амьсгалын замын халдварын шинж илэрсэн үед болон эмнэлэгт өвчтөн асарч байгаа үедээ заавал хэрэглэнэ. Түүнчлэн цэвэрлэгээ үйлчилгээ хийхэд, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд, олон нийттэй харьцдаг үйлчилгээний ажилтан, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд амны хаалтыг заавал хэрэглэхийг зөвлөж байна. Амны хаалт хэрэглэхэд анхаарах зүйлс бий. Тухайлбал амны хаалтыг зааврын дагуу зөв зүүх, зөв тайлах, хоёр цаг тутамд болон бохирдсон тухай бүр солих хэрэгтэй. Зүүсэн амны хаалтын гадна хэсэгт аль болох гар хүрэхгүй байх, нэг удаагийн амны хаалтыг бохирдсон тохиолдолд шууд хаях, амны хаалт сольсны дараа гараа заавал савандаж угаах эсвэл спиртийн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх. 

Даавуун амны хаалтыг солих бүртээ 40-өөс дээш хэмийн халуун усанд савандаж угааж, индүүдэх. Өдөрт дунджаар дөрвөөс таван ширхэг амны хаалт сольж хэрэглэх. Амны хаалт чийгтэй болсон даруйд шинээр солих, цэвэр болон бохирдсон амны хаалтыг хольж болохгүйг зөвлөв.

Мөн хорио цээрийн үед эмийн сангаас гадна бизнес эрхлэгчид, гар дамжуулан чанарын шаардлага хангахгүй амны хаалтууд зарж байна. Тиймээс амны хаалтад тавигдах шаардлагын дагуу стандартын шаардлага хангасан амны хаалтыг хэрэглэхийг зөвлөж байна.

Стандартын шаардлага хангасан зөв амны хаалт нь ам, хамар, эрүүг бүтэн далдлах, чихэнд тогтоогч нь сунамтгай резинтэй материал байх, хамрын хэлбэр гаргасан байх. Амны хаалтын хэмжээ нь насанд хүрэгчид болон хүүхдэд зориулсан сонголттой байх, материал нь угаахад агшихгүй, будаггүй, харшил өгөхөөргүй хөвөн даавуу байх.

Гадна материал нь ус нэвтрүүлдэггүй, амьсгалахад тохиромжтой байх, материалын сонголтоос шалтгаалан гурваас дөрвөн давхар байна гэж заасан байдаг. Амны хаалтын хэмжээг насанд хүрэгчид дунджаар урд хэсгийн өндөр 12,5 см, чихний хэсгийн өндөр 6,0 см, дээд талын урт 22 см, доод талын урт 20 см. Харин хамрын хэсэгт 2,5 см, эрүүний хэсэгт гурван см байхаар тохируулж хийх хэрэгтэй хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгээс зөвлөгөө өглөө. 


Холбоотой мэдээ