Найман захын үйл ажиллагааг түр зогсоолоо

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-13 21:34:11

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 10 зах, худалдааны төв бий.

Тэгвэл аймгийн ОБГ, МХГ, Жаргалант сумын ЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулж, зах, худалдааны төвийн үйл ажиллагаанд хоёр өдрийн турш төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.

Улмаар мэргэжлийн байгууллагын улсын байцаагчдын нэгдсэн дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтэд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт хангаагүй, орчны бохирдолтой, цахилгаан эрчим хүчний доголдол үүсэх, гал гарах эрсдэлтэй, зориулалтын хогийн цэг, хяналтын камер байхгүй зэрэг нэлээд зөрчил илэрсэн талаар тусгажээ.

Иймд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын А/71 тоот захирамж гаргаж, өндөр эрсдэлтэй гэх үнэлгээ авсан 8 захын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоов.

Тодруулбал,  Төв болон Бугаан гол, Ялалт, Ургамал, Хан-Орд, Тамир, Цагаан морь зэрэг захын үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн эрсдэлийг бууруулж, зөрчлийг арилгах хүртэл түр хугацаанд зогсоов.

Харин мэргэжлийн байгууллагын улсын байцаагчдын дүгнэлтээр Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй Их буян, Эвийн хүч худалдааны төв нь дунджаас доош эрсдэлтэй гэх үнэлгээ авчээ. Иймд тус худалдааны төвүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.    

Холбоотой мэдээ