Монгол бичгийн гайхамшгийг харуулсан үзэсгэлэн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 17:31:39

Завханы төв Улиастайд "Гайхамшигт Монгол бичиг-2016" үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэнд боловсролын  байгууллагуудын монгол хэл уран зохиолын 75 багшийн 200 гаруй  бүтээл тавигджээ. 

Аймгийн Боловсролын газраас аймагтаа анх удаа “Нэг багш нэг бүтээл” аяныг жилийн турш явуулж  ийнхүү анхны үзэсгэлэнг дэлгээд буй юм.  Монгол бичиг нь зориулалтаасаа хамааран таталган, эвхмэл гэх мэт хэд хэдэн төрөл зүйлүүдэд хуваагддаг. Харин энэ бүгдийг нэгтгэн туурвисан багш сурагчдын олон арван сонирхолтой бүтээлүүдийг энд тавьсан байна. Мөн үзэсгэлэнгийн бүтээлүүд нь муутуу цаасан дээр угалзан бичиг, усан бийр, таталган бичгээр шад шүлэг, хүний нэр болон үүх түүхийг өгүүлсэн бичгүүд байв. Мянган жил, түмэн онд дуурсах энэ гайхамшигт бичгийнхээ уламжлалаа таслалгүй хойч үедээ хүргэж ойлгуулан эзэмшүүлэх эрхэм үүрэг өнөө үеийн залуус бидэнд ноогдож буй учир шамдан суралцах нь цаглашгүй ач холбогдолтой билээ гэдгийг зохион байгуулагчид энэ үеэр онцлов.

Энэ үеэр Завхан аймгийн Дэвшил сургуулийн багш Ч.Уранчимэгтэй ярилцлаа.

Монгол бичгийн сурах бичиг хангалтгүй байна

-Сайн байна уу? Танай сургуулийн багш сурагчид “Гайхамшигт монгол бичиг“ үзэсгэлэнд амжилттай оролцлоо хэчнээн бүтээлээр оролцож байна?

-Манай сургуулийн багш сурагчид бүтэн жилийн турш бүтээсэн зурмал, хичээнгүй бичиг гэсэн хоёр төрлөөр 20 гаруй бүтээлтэй оролцлоо. Ер нь манай сургууль монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, монгол ёс заншлаасаа өвлүүлэн суралцуулах олон талын үйл ажиллагааг суралцагчид, багш нарын дунд явуулдаг.  

-Хүүхдүүд монгол бичиг сурах сонирхол хэр байна вэ? Сурах бичгийн хүрэлцээ хангалттай юу?

-Монгол бичгийн сурах бичиг хангалтгүй байдаг. Бид Монгол бичгийн сурах бичгийн хүрээлэнгийн “Ертөнц” төвөөс эрхлэн гаргадаг сурах бичиг, монгол бичиг зөв цэвэр бичиж сурах шугамтай хичээнгүй бичгийн дэвтэр дээр ажилладаг. Нэмж “Хүмүүн бичиг” сониноос уншлагын хичээлийг нэмж сурч байгаа. Ер нь хүүхдүүд монгол бичгийг сурах сонирхол их бий. Хичээлийн хөтөлбөрт орсон цагаараа долоо хоногт хоёр цагийг монгол бичгийг сурахад зориулж байна. Мөн хичээлээс гадуур монгол бичгийн минутын уншлага гэж дангаараа ордог (20 минут). Манай сургуулийн хүүхдүүдийн хувьд сурах идэвхи сайн байгаа.

-“Хүмүүн бичиг” сониныг хэчнээн хүүхэд захиалдаг вэ? Энэ сониноос хүүхдүүд ямар мэдээлэл авахыг хүсдэг вэ?

-Миний хичээл заадаг ангийн хүүхдүүд бүгд захиалдаг. Нэг ангид 30 хүүхэд байлаа гэхэд хоёр хүүхэд дундаа нэгийг захиалж уншдаг. Монгол бичгийн хичээлийн уншлагын хичээлд “Хүмүүн бичиг” сониныг л ашиглаж уншиж байгаа. Манай сургуулийн хувьд ч мөн адил нэг ангийн хоёр хүүхэд дундаа нэг гээд ер нь 100 –аадыг захиалж байгаа. Хүмүүн бичиг сонин дээр монгол бичгийн хэв шинж, хичээнгүй, бийрэн, таталган, эвхмэл гээд төрөл бүрийн бичгийн хэлбэр (тиг)-ээр бичигдсэн сонирхолтой мэдээлэл их байдаг. Мөн энэ сонин өнгөтөөр, өнгө үзэмжтэй хэвлэгдсэн байдаг. Хүүхдүүд орчин үеийн мэдээлэл, өөрсдийн сонирхол татсан сагс, дэлхийн мэдээ, спорт, урлаг, танин мэдэхүйн мэдээллийг эндээс унших сонирхолтой байдаг. Сонгол бичгийн төрөл бүрийн бичээсийг сонирхож байгаа хүүхдүүд энэ сониноос их суралцаж байгаа. Бас хямдхан байдаг болохоор хүүхдүүд “Хүмүүн бичиг”-ийг захиалах дуртай. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн монгол бичгийн хичээлийн сурах бичгийг орлож байна шүү дээ.

-Монгол бичгийн уран бичээсийг гарын ур дүйтэй хүүхдүүд их сонирхож байна уу? Аль эсвэл хүүхэд бүр сонирхон бичиж байна уу?

-Монгол бичгийн уран бичээсийг хүүхэд бүр сонирхдог бичиж үзэх гэж хичээдэг. Гэхдээ гарын ур дүйтэй, зураг зурдаг хүүхдүүд их сайн бичдэг. За ер нь сонирхсон хүүхэд бүр хичээнгүйлэн сурч, бичиж байна. Хүүхэд бүр өөр өөрөөр сэтгэж зурлага титэм бүрийн хэв загварыг өөрчлөх гээд сонирхолтой бичгийн хэвийг гаргадаг шүү.

-Танай сургууль монгол бичгийн олимпиад зохион байгуулдаг. Хэзээ болох вэ?

-Манай сургууль монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхээр олон үйл ажиллагааг явуулдаг гэдгийг дээр хэлсэн. Үүний нэг нь жил бүрийн хавар дөрөвдүгээр сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулдаг мэргэжлийн бус багш, ажилчдын дунд монгол бичгийн олимпиадыг зохион байгуулаад өдгөө гурав дахь жилдээ явуулах гэж байна. Энэ олимпиадыг төвийн бүс буюу Улиастай сумынхаа долоон сургуулийн багш ажилчдын дунд явуулдаг. Энэ олимпиад жил ирэх бүр өрсөлдөөнтэй болж байгаа. Мөн монгол ёс заншлаа дээдлэх, суралцах зорилгоор сургуулийнхаа хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ дунд монгол дээлний өдөр, оньсон тоглоомоос суралцацгаая, тэмээн таваг, унага услах гэх мэтчлэн монголын хөлөгт тоглоомуудыг заавал сурах долоо хоног гэх мэтчлэн олон арга хэмжээг явуулж хэвшээд байгаа.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ