Ким Жөн Ун 22 хоногийн дараа олны өмнө харагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-02-17 10:47:46

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн ням гарагт БНАСАУ-ын удирдагч агсан Ким Жөн Ирийн дурсгалыг хүндэтгэхээр Пёньян хот дахь бунханд очсон талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.


БНАСАУ-ын удирдагч агсны мэндэлсний 78 жилийн ой өнгөрсөн ням гарагт тохиожээ. “KCNA” агентлагийн мэдээнд Ким Жөн Ун бунханд хэзээ очсон талаар дурдаагүй боловч тэрбээр ийм төрлийн айлчлалыг аливаа ойн арга хэмжээний өмнөх өдрийн орой хийдэг ажээ.


БНАСАУ-ын удирдагч өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд цагаан сарын баярыг тохиолдуулан тоглолт үзсэнээсээ хойш 22 хоногийн дараа анх удаа олны өмнө харагдаж буй нь энэ юм. Ким Жөн Ун олны өмнө олон хоног харагдаагүй нь “COVID-19” коронавирусний халдвартай холбогдуулан ямар нэгэн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа гэх таамаглалын магадлалыг нэмэгдүүлжээ.


"Ким Жөн Унтай хамт БНАСАУ-ын хоёр, гурав дахь өндөр албан тушаалтан Чой Рён Хэ, Пак Пон Жу тэргүүтэй төлөөлөгчид бунханд очсон" гэж “KCNA” агентлагийн мэдээнд тэмдэглэжээ. Энэхүү бүрэлдэхүүнийг өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад цөөрсөн нь шинэ төрлийн коронавирусний халдвар тус улсад бүртгэгдээгүй хэдий ч үүний эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж буйтай холбоотой хэмээн ажиглагчид үзжээ. 

Холбоотой мэдээ