“YouTube”-н бүх цаг үеийн хамгийн алдартай бичлэгүүдийг жагсаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-17 11:46:27

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн долоо хоног тутмын “Newsweek” сонин  “YouTube”-н бүх цаг үеийн хамгийн алдартай 7 бичлэгийг жагсаажээ. Дүрс бичлэгийн үйлчилгээ үзүүлдэг “YouTube” платформ үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан энэхүү жагсаалтыг гаргасан байна.


YouTube” үүсгэн байгуулагдсан эхний жилд мэргэжлийн замналаа хэдийнээ өндөрлөсөн Бразилын шигшээ багийн хөлбөмбөгчин Роналдиньогийн сургуулилтын бичлэг тус хуудаст хамгийн их үзэлттэй бичлэг байжээ. “Nike” компанийн байршуулсан уг бичлэг нь устгагдсан хэдий ч хожим бичлэгийг дахин байршуулсан байна.


2006-2007 онуудад Охайо муж улсын бүжигчин Жадсон Лайплигийн хийсэн “The Evolution of Dance” нэртэй 6 минутын бичлэг дээд амжилт тогтоож байжээ. Тэрбээр ХХ зууны эхээр алдартай байсан хэд хэдэн бүжгийн үндсэн хөдөлгөөнүүдийг үзүүлжээ. 8 сарын хугацаанд энэ бичлэгийг 70 сая удаа үзсэн байна.


2008 онд Канадын дуучин Аврил Лавины “Girlfriend” дууны клип хамгийн алдартай байжээ. 2007 оны эхээр цацагдаж байсан тус дууны клипний үзэлтийн тоо 2008 оны 7 дугаар сард дээд цэгтээ хүрч, 2009 он хүртэл амжилтаа хадгалсаар байжээ. Дараа нь Их Британийн нэгэн хүү Чарли ах Гарригийн хурууг хазсан бичлэг үзэлтийн тоогоор тэргүүлсэн байна.  


Жагсаалтад мөн дуучин Жастин Биберийн “Baby” дууны клип, БНСУ-ын дуучин “Psy”-н “Gangnam Style”, дуучин Луис Фонси, Дэдди Янки нарын “Despacito” дуунуудын клипүүд багтжээ. 2017 оны 1 дүгээр сарын 12-нд тавигдсан “Despacito” дууны клип нийт 6.6 тэрбум үзэлттэй байжээ. 




YouTube” платформыг “PayPal” төлбөрийн системийн ажилтнууд байсан Чад Херли, Стив Чен, Жавед Карим нар 2005 оны 2 дугаар сарын 14-нд байгуулж байжээ. Тэд “YouTube”-г Google компанид 1.65 тэрбум ам.доллароор худалдаалсан тухайгаа 2006 оны 10 дугаар сард мэдэгдэж байжээ. 

Холбоотой мэдээ