Уртасгасан цагаар ажиллаж байсан эмч, сувилагч нар халдлагад өртөж хүнд гэмтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-17 16:34:55

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжээд байгаа энэ үед хүн ардын эрүүл мэндийн манаанд хөдөлмөр зүтгэл, сэтгэлээ зориулан, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж буй эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид халдагад өртөж хүнд гэмтжээ.

Ерөө сумын хүн ард улирлын томуугаас гадна хатгалгаа өвчнөөр өвчлөх явдал их буйгаас шалтгаалж ЭМТ ачаалал ихтэй ажиллаж эмч, мэргэжилтнүүдээ уртасгасан цагаар ажиллуулж байжээ.

Гэтэл  энэ сарын 12-ны оройн 22.00 цагийн орчимд Ерөө сумын харъяат иргэн “Ж” архи ууж согтуурсан үедээ сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Э, сувилагч Б нарыг ажлын байр дээр нь хутгалж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Хэрэг гарах үед их эмч Э ажил тарсаны дараа, уртасгасан цагаар 18-23 цаг хүртэл ажиллах хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байж. Тэрээр 22.00 цагийн орчимд гадаа 00-д бие засахаар гарахад нь гэмт хэрэг үйлдэгч иргэн Ж үүдэнд тааралджээ.

Эмчийг эргээд ирэхэд гэмт хэрэгтэн Ж түүний араас ирж, тамхи асаах гал асууж, өгөх зуурт түүний өөдөөс хүйтэн мэсээр хэвлийн тус газарт нь хутгалж, гүн шарх үүсгэсэн аж. Хохирогч Э тэндээс амь өрсөн зугтаж, даргынхаа гэрт ороод, болсон явдлын талаар хальтхан дуулгаж ухаан алдсан байна.

Яг энэ үед ЭМТ дээр жижүүрийн ажилтай байсан сувилагч Б мөн л харгис хэрцгий авирласан нөхөр болох Ж-гийн гарт гэмтэж, цус алдаж байна гэх мэдээлэл иржээ. Ухамсар мөчид, хариуцлагагүй нэгэн иргэний хийсэн алдааны улмаас үүссэн эрсдэлтэй мөчид Ерөө сумын ЭМТ-ийн Э.Нинжбадам даргатай хамт олон анхны тусламж үйлчилгээг шуурхай хүргэж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт мэдээллийг цаг алдалгүй дамжуулснаар шуурхай баг томилогдон, 100 орчим км-ийн цаанаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах зэрэгтэй, зөвлөх эмч Б.Ганболдоор ахлуулсан нарийн мэргэжлийн дөрвөн их эмч, хоёр сувилагч нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг тус сумруу явжээ.

Шуурхай багийнхан бүтэн шөнийн турш хэвлийн хөндийд үүссэн гэдэсний цоорлыг нөхөх болон цээжний хөндийд гуурс тавих хагалгааг шуурхай, чадамгай гүйцэтгэж амь насыг нь аварч  улмаар хоёрдугаар сарын 13-нд Улаанбаатар хот дахь ГССҮТ-д шилжүүлж эрүүл мэндийг нь хяналтад авсан байна.

Хохирогч эмч Э нь өнгөрсөн 2019 онд анагаахын их сургуулийг их эмч мэргэжлээр төгсч улмаар ажлын анхны гараагаа хөдөө орон нутгаас эхлэхээр Ерөө нутагт томилогдон ажиллаж байсан залуу боловсон хүчин юм.

Сувилагч Б-гийн хувьд Ерөө сумын ЭМТ-д сувилагч мэргэжлээр 23 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Харин гэмт хэрэг үйлдэгч Ж өмнө нь олон удаа эхнэр Б-г жижүүрийн ажилтай байхад нь согтуугаар ирж айлган сүрдүүлж, агсам тавьдаг байсан нь өнөөдөр энэхүү эмгэнэлт хэрэг үйлдэхэд хүргэжээ.

Гэмт хэрэгтэн хэрэг үйлдсэнийхээ дараа хэргийн газраас оргон зайлж одоог хүртэл олдоогүй байгаа бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас томилогдсон бүрэлдэхүүн хэсэг Ерөө суманд ажиллаж байна. Бодит мэдээллийг эх сурвалжийн зөвшөөрөлтэй хүргэв.

 

Холбоотой мэдээ