Т.Серикжан: Нэгдсэн эмнэлгийн хүчин чадал давсан тохиолдолд хувийн эмнэлгүүдийг дайчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-18 22:27:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн нэгдсэн эмнэлэг коронавирусний болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа талаар тус эмнэлгийн ерөнхий эмч Т.Серикжанаас тодрууллаа.

-Коронавирусний халдварын сэжиг илэрсэн тохиолдолд тухайн  иргэн болон түүний хавьтагчдыг тусгаарлах байрыг бэлтгэсэн үү?

-  Бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Болзошгүй эрсдэлд Нэгдсэн эмнэлгийг бүхэлд нь бэлэн байлгаж байгаа. Мэдрэлийн тасгийг дотрын тасагтай, чих, хамар хоолойн тасгийг мэс заслын тасагтай нийлүүлж, эмнэлгийн нэгдүгээр давхрыг бүрэн чөлөөлсөн.

Үүнтэй холбогдуулан зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд иргэдийг эмнэлэгт нэмж хэвтүүлэхгүй байгаа. Одоогоор мэдрэлийн тасагт 30 ор, чих хамар хоолойн тасагт 28 ор, аж ахуйн байранд 10 ор, нийтдээ 68 ор бэлэн байна.

- Нэгдсэн эмнэлгийн ачаалал дийлэхгүй тохиолдолд яах вэ?

- Нэгдсэн эмнэлгийн хүчин чадлаас давсан тохиолдолд хувийн эмнэлгүүдийг ашиглана. "Нурлы" эмнэлгийг мэдрэлийн, "Бэйс-Шипа" эмнэлгийг мэс заслын, "Жаншарапат" эмнэлгийг дотрын тасаг болгон дайчлах хувилбарууд яригдаж байгаа.

-  Хамгаалалтын хувцас, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангалттай юу?

-  Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалын дагуу 50 хувийн нөөцөө бүрдүүлээд ажиллаж байна. Гэхдээ ханган нийлүүлэлт байхгүй. Нөөцөд эм, эмнэлгийн хэрэгсэл, малгай, амны хаалт, нэг удаагийн өмсгөл, ариутгалын бодис багтдаг. Нөөц бүрдүүлэхэд маш олон сая төгрөгийн зардлын тооцоо гарч байгаа тул  хувь хүн, албан байгууллагуудыг хандив өргөхийг уриалж байна.

Учир нь өвчний сэжиг бүхий нэг хүн эмнэлэгт ирлээ гэхэд таван эмч, таван сувилагч өдөрт 20 удаа нэг удаагийн өмсгөл, 2-3 удаа ариутгалын бодис хэрэглэнэ. Хэрвээ сэжигтэй тохиолдлын цар хүрээ тэлбэл бид эмнэлгээ хааж ажиллах нөхцөл байдал үүснэ.

Дуслыг хураавал далай гэдэг шиг ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд боломж, бололцооныхоо дагуу малгай, амны хаалт, ариутгалын бодисоор тусална гэж найдаж байна. Бусад аймгууд ч ийм зохион байгуулалтад орж ажиллаж байгаа.

-  Иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

- Ард иргэдэд хандаж хэлэхэд, үргэлж амны хаалт зүүж яваарай. Гар барьж битгий мэндлээрэй. Өдөрт хамгийн багадаа гурван удаа амаа зайлж байгаарай.

Үүнээс гадна шаардлагагүй тохиолдолд эмнэлгээр үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. Халдвар тархах хамгийн эрсдэлтэй газар бол эмнэлэг. Тийм учраас боломжтой бол гэртээ болон өрх, сумын эрүүл мэндийн төвд үзүүлж эмчлүүлэхийг уриалж байна. 

Холбоотой мэдээ