Иранд коронавирусний халдвар авсан хүмүүс нас баржээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-02-20 09:33:57

ТЕХРАН. /BBC/. Шинэ төрлийн коронавирусний анхан шатны шинжилгээний хариу нь эерэг гарсан хоёр хүн нас барсан талаар Ираны Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.


“Тэднийг Кум мужийн эмнэлэгт эмчилж байсан боловч өндөр настай хийгээд дархлааны тогтолцоо нь суларсан байсны улмаас нас барлаа” гэж Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Киануш Жаханпур “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Эрүүл мэндийн яамны дэд сайд Касем Жанбабей сэтгүүлчдэд мэдээлэхдээ, халдвар авсан хоёр хүн Ираны иргэд байсан гэжээ. Иранд коронавирусний халдвар бүртгэгдсэн анхны тохиолдол энэ юм.


IRNA” агентлагийн мэдээлснээр, халдвар авсан иргэд хилийн чанад руу төдийгүй мужаасаа гадагш зорчоогүй байжээ. Халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс Кум муж дахь сургуулиудын үйл ажиллагааг пүрэв гарагт түр зогсооно гэж “IRNA” агентлаг мөн мэдээлжээ.


Халдвар авсан хүмүүсийн эмчлүүлж байсан эмнэлэгт 25 хүнийг хөл хорионд оруулсан гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ