Делид болж буй Тивийн АШТ-д манай 2 бөх аваргын төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-20 17:01:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотноо сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.


Чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ. Эдгээр жингийн урьдчилсан хагас шигшээ барилдаанууд явагдаж, манай таван тамирчин бүгдээрээ медалийн төлөө хүчээ сорихоор болов.


Тухайлбал, 55 кг-д Налайх дүүргийн харьяат, ОУХМ М.Дөлгөөн, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг нар шигшээд шалгарч, харин 50 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхнар, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа, 76 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Ариунжаргал нар хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ.


Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 20 цаг 30 минутаас эхлэх юм. Энэ удаагийн Ази тивийн АШТ-д жин тус бүрт өмнөх жилүүдээс харьцангуй цөөн бөх оролцож байгаа аж. Учир нь тус тэмцээнээс “Токио-2020” олимпын эрх олгохгүй.

Холбоотой мэдээ