Л.Мөнхтүшиг: БНСУ-д коронавирусээр халдварласан монгол иргэний биеийн байдал хүнд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д эмчлүүлж буй манай улсын нэг иргэнээс шинэ коронавирусний халдвар илэрсэн асуудлаар өнөөдөр 16 цагт ЭМЯ, ГХЯ хамтарсан мэдээлэл хийлээ.
Халдвар авсан иргэн элэгний хатууралтай бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Өвчтөн Гуяан хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа бол түүнтэй ойр байсан 6 монгол иргэнийг Намьянжү хотын эмнэлэгт тусгаарлажээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "БНСУ-д эмчлүүлж буй манай иргэнээс коронавирусний халдвар илэрснийг бид өнөөдөр 11 цагт мэдээлсэн. Тухайн өвчтөн элэгний хатууралтай бөгөөд одоогоор биеийн байдал нь маш хүнд байна гэсэн мэдээллийг ГХЯ-наас авлаа. Өвчтөн өнгөрсөн 1 дүгээр сард эх орондоо байхдаа H3N2 улирлын томуугаар өвчилж байсныг бид тогтоосон. Өмнө нь 4 жил орчим БНСУ-д амьдарч байсан. Архаг хууч өвчтэй хүмүүс богино хугацаанд коронавирусний халдвар авч хүндрэх магадлалтай байна” гэлээ.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: “БНСУ-д халдвар авсан монгол иргэний талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн сүлжээгээр ташаа мэдээлэл гарч байгаа нь сөрөг үр дагавар ихтэй юм. Тухайн иргэний биеийн байдал хүнд байгаа ч нас бараагүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Өвчтөнтэй ойр байсан 6 монгол иргэнийг Намьянжү хотын эмнэлэгт тусгаарласан. Өвчтөнийг өөрийг нь Гуяан хотын Мёнжи эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчилж байна. БНСУ-ын төр засгийн хүчин чармайлтыг үнэлж, ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Мэдээллийг албан ёсоор нэг сувгаар ЭМЯ-наас авч, мэдээлэлд хариуцлагатай хандахыг уриалж байна” гэлээ.
БНСУ коронавирусээр халдварласан хэнийг ч ялгаварлахгүй үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэнийг ЭМЯ-ны албан тушаалтнууд онцлов.