Британийн компаниудын хувьцааны ханш огцом унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-02-26 15:25:14

ЛОНДОН. /The Guardian/. Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт дэлхийн эдийн засагт нөлөөлж болзошгүй гэх болгоомжлол үүсээд буй энэ үед Лондоны хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг Британийн компаниудын хувьцааны ханш сүүлийн хоёр өдөр 100 тэрбум орчим фунт стерлинг буюу 126 тэрбум гаруй ам.доллароор буурлаа. Мягмар гаргийн арилжаа дуусахад Британийн хамгийн том 100 компанийн хувьцааны ханшийг харуулдаг “FTSE-100” индекс 1.94 хувиар унаж, 7014 нэгж болжээ.


“The Guardian” сонинд мэдээлснээр, мягмар гарагт Британийн компаниудын хувьцаа 35 тэрбум орчим фунт стерлинг буюу 45.5 тэрбум ам.доллароор унажээ. Даваа гарагт Итали, Иран болон бусад оронд коронавирусний халдвар эрчимтэй тархаж эхлэх үед “FTSE-100” индекс 62 тэрбум фунт стерлинг буюу 81 тэрбум ам.доллароор унаж, сүүлийн таван сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрсэн байна.


Хувьцааны ханш нь огцом унасан компаниуд бол аялал жуулчлалын салбарын компаниуд юм. Түүнчлэн Хятадын зах зээлд түлхүү гаргадаг тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш буурчээ.


“Одоогийн хямрал хэдэн долоо хоногийн өмнө олон хүний бодож байснаас удаан үргэлжлэх төлөвтэй байгааг санхүүгийн зах зээлд болж буй үйл явдал харуулж буйд эргэлзэх зүйл байхгүй байна” гэж “CMC Markets” компанийн шинжээч Майкл Хьюстен хэлсэн байна. Түүний үзэж байгаагаар, “ойрын хугацаанд байдал тогтворжино гэж хүлээх нь хэцүү бөгөөд хөрөнгө оруулагчид урт хугацаанд үргэлжилж болзошгүй тодорхойгүй, тогтворгүй байдалд дасах хэрэгтэй”.


Холбоотой мэдээ