Нийслэлд баар, цэнгээний газруудыг хаахаар шийдвэрлэлээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-02-26 19:52:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар баар, цэнгээний газар, фитнесс, цанын бааз, иог болон цэнгээнт бүжгийн клуб, караоке, саун, дэн буудал, сүм хийдийн үйл ажиллагаа, амралтын газруудыг 3 дугаар сарын 30-ныг хүртэл хаахаар шийдвэрлэлээ. 

Харин ресторан, кафенуудын ажиллах цагийг 22.00 цаг хүртэл болгож байна. Мөн хуралдаанаар Япон, БНСУ-аас орж ирсэн монгол иргэдийг орж ирсэн боомт дээр нь 14 хоног тусгаарлах, төрийн албан хаагчдыг гадаад улс орон болон хөдөө орон нутаг руу албан томилолтоор зорчихыг хоёрдугаар сарын 27-носс 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хязгаарлав.


Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан хуралдааны дараа хэлэхдээ, “Өнөөдрөөс эхлэн манай улсад дэлхийн бусад орноос ирж байгаа иргэдийг хамгийн багадаа 14 хоногийн хугацаанд орж ирсэн боомт, хил гаалийн нутаг дэвсгэр дээр тусгаарлана. Үүнтэй холбоотой хүнс, бусад байр орон сууцтай холбоотой зардлыг хувь хүн өөрөө хариуцна гэж шийдвэрлэсэн. Ингэснээр иргэд өөрсдөө бэлтгэлээ хангаж ирнэ. Хэн нэгэн гомдол санал тавилаа гээд хүлээж авахгүй" гэдгийг онцлов. 

Тэрээр, "Аймаг, орон нутгаас иргэдийг ямар ч шалтгаантай байсан нийслэл рүү оруулахгүй, мөн гаргуулахгүй. Төр шийдвэрээ гаргасан, анхааруулсан. Цаг үеийн нөхцөл байдал ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Хотоос битгий гар, айл битгий хэс, хөдөө битгий яв гэж бүтэн сар анхааруулсан. Бид дүрэм журмаа баримталж ажиллана. Нийтийн эрх ашгийн төлөө нэг ч хүнд найр тавихгүй” гэдгийг мэдэгдэв.


Холбоотой мэдээ