Замын хөдөлгөөнд болгоомжтой, соёлтой оролцохыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-02 14:23:51

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 03 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Тэрээр: ”Хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг энэ сарын 03-ны өдрийн 06.00 цагт нээнэ. Иргэдийн зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбогдуулан хот хоорондын, сум хоорондын замын ачаалал нэмэгдэх тул та бүхэн замын хөдөлгөөнд болгоомжтой, соёлтой оролцож, төрийн чиг үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, дор бүрнээ хариуцлагатай байхыг анхааруулья” хэмээлээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн байдлаар 80 иргэн ажиглалтад тусгаарлагдсан байна. Үүнээс сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 16 иргэнээс нийт гурван удаагийн давтамжтай 16 сорьцыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн томуугийн лабораторид хүргүүлснээс 13 нь сөрөг гарсан хариу ирлээ. Гурван иргэний сорьцыг өнөөдөр хүргүүлж байна.
Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг
Сэлэнгэ аймагт ажиллаж байна. 03 дугаар сарын 02-ний шөнийн 03 цагт аймгийн Онцгой комиссыг шуурхай зарлан хуралдуулж үүрэг чиглэл өгсөн.
"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд Хилийн мэргэжлийн хяналтын албаны 32, МХГ-ын 5 албан хаагч Алтанбулаг, Сүхбаатар боомт дээр, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн 8 хүнтэй
хоёр баг эцсийн ариутгал халдваргүйтгэлийг Алтанбулаг боомт дээр, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн 64 эмч, сувилагч, жолооч нар тусгаарлах байр, хяналтын цэгүүдэд, тусгаарлагдсан иргэдийг харгалзах зорилгоор Цагдаа, Онцгой байдлын байгууллагаас долоон цэгт, 16 албан хаагч ажиллаж байна.
Энэ хүнд цаг үед Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Сэлэнгэ нэгдсэн хөтөлбөр”-өөс онцгой бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлд зориулан 4.5 сая төгрөгийн тусламжийг өмнөх тусламж дээр нэмж үзүүлсэнд талархаж байгаагаа аймгийн Онцгой комиссын болон Сэлэнгэ аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс илэрхийлье.

Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд түр зогсоосон. Иймээс Солонгос, Япон, Итали, Иран Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчиж буй Монгол Улсын иргэдийг 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зөвхөн агаарын замын “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт” төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэрийг улсын Онцгой комиссоос гаргасан тул Сэлэнгэ аймгийн ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд энэ шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэдгийг онцгойлон анхааруулья. Хэрэв олон нийтийг хамарсан янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулсан түүнд хамрагдсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ дор бүрнээ ухамсарлах хэрэгтэй.

Холбоотой мэдээ