Хангайн бүсийн сумдад зудын эрсдэл нүүрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-03-03 13:28:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нөөцөөс зудын эрсдэлтэй байгаа Архангай, Булган, Орхон, Завхан, Хөвсгөл, Увс аймагт 2303 тонн өвс үнэгүй олгохоор шийдвэрлэлээ. 

Мөн 2025 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгохоор боллоо. Мөн хаваржилт хүндэрч болзошгүй байгаа Завхан, Архангай, Өвөрхангай, Увс аймгийн Онцгой байдлын газар, Орхон Завхан, Хөвсгөлийн аймгийн 3 суманд нийт 7 автомашин олгохоор Засгийн газраас шийдвэрлээд байна.

ХХААХҮЯ-ны мэдээгээр хаваржилтад 5500 тонн өвс, 3000 тонн тэжээл шаардлагатай байна. Одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүй нөөцөд 5862 тонн өвс, 4134 тонн тэжээл байгаа нь хангамж тасалдахгүй, хүрэлцээтэй гэж салбарын яамнаас мэдэгдэж байна.

Өнгөрсөн 2 дугаар сарын сүүлийн 10 хоногийн мэдээллээр улсын хэмжээнд 8  аймгийн 39 сум цагаан зудтай байна. Мөн 12 аймгийн 47 сум зудын эрсдэлтэй байна. 2 дугаар сарын 29-ний байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс Алтай, Хангай, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий нуруу хангайн бүсийн нутгаар 20 см-ээс дээш зузаан цастай байна. 

Засгийн газрын 286-р тогтоолын дагуу цагаан зудын байдалд хийсэн үнэлгээгээр Увсын Малчин, Улаангом, Баруун туруун, Завханы Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан сум, Хөвсгөл аймгийн зарим суманд зудын нөхцөл байдал үүсжээ. 

Өнгөрсөн 2 дугаар сарын сүүлийн 10 хоногт Монгол орны нийт нутгаар цасны зузаан Хангайн бүсийн нутгаар нэмэгдээд байна. Тиймээс манай орны ихэнх нутаг цастай, отор нүүдэл ихтэй байгаа тул зарим аймаг, орон нутагт хаваржилтын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна.


Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр 3 дугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй. Сарын эхний 10 хоногт нийт нутгаар хүйтний эрч чангарч, агаарын температур 15-20 градус, салхи  12-14 м/с хүрч, цасан болон цасан шуургатай. Сарын дунд үеэс цаг агаар тогтуун болж нийт нутгаар дулаарах төлөвтэй байна.  


Холбоотой мэдээ