Төгсөгчид сайн үйлсийн аян өрнүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-04 20:31:15

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ЕБС-уудын 2005 оны төгсөгчид "Бид хамтдаа хамгаалж чадна" уриатай сайн үйлсийн аяныг төгсөлтийнхөн дундаа өрнүүлжээ. Тэд дөрөв хоногийн хугацаанд 2.5 сая төгрөг цуглуулж, хамгаалах хувцас, амны хаалт, гар ариутгагч авсан байна.

Эдгээр зүйлсээ өнөөдөр аймгийн Онцгой комисс, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, "Мянган жаргалан", "Асралт үйлс", "Ягаан цээнэ" өрхийн эмнэлэгт хүлээлгэн өглөө. Сайн үйлсийн аянд 200-гаад төгсөгч хандив өргөсөн байна.

Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн: “Та бүхний тусламжийг Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага дээр бүртгэн авч, тодорхой хяналтын дор Онцгой комиссын шийдвэрийн дагуу нэн хэрэгцээ шаардлагатай газарт өгч үр ашигтай зарцуулна. Хэрхэн зохион байгуулсан талаарх тайлангаа аймгийн Онцгой комиссоос эргэн тайлагнах болно. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг. Энэхүү хандив тусламж нийт Дорнод нутгийн ард иргэдийн сайн сайхны төлөө зарцуулагдана" гэв.

Аяны хугацаа давчуу байсан учир хандив өгч амжаагүй төгсөгчдийнхөө хүсэлтээр мөнгө цуглуулж, хүнд өвчтөний биеийн байдлыг хянадаг пульоксиметр, зайнаас халуун хэмжигч авч өгөхөөр тогтжээ.

Холбоотой мэдээ