Дорнодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдах цэг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-05 21:31:07

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах нэгдсэн цэгийг энэ онд байгуулахаар төлөвлөж байна. Аймгийн ХХҮГ-аас санаачилсан энэхүү ажлыг орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч ААН, хувиараа хөдөлмөр эрхлэгч 50 гаруй иргэн дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Тэдний хувьд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах асуудал хамгийн том бэрхшээл болдог гэдгийг хэлж байгаа юм.

Дорнод аймаг 2018 онд Орон нутгийн худалдаа үйлдвэрлэлийг дэмжих жил, 2019 онд аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлаж, бодлогын чанартай нэлээд ажлыг хийсэн. Харин энэ онд эдийн засаг, ажлын байрыг нэмэгдүүлж, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд залуусын гарааны бизнесийг дэмжих “Старт-ап” төв байгуулах хөрөнгийг шийджээ. Энэхүү төв нь цаашид хувийн бизнесээ эхэлж буй залуусыг зах зээлд бэлдэж, бүх талын дэмжлэг үзүүлэх юм. Түүнчлэн ЖДҮ эрхлэгчдийг дэмжих төвийг ч байгуулахаар төлөвлөөд байна.

Дорнодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зөвхөн жуулчдад худалдахаар зах зээлээ хязгаарлахгүй. Нутгийн ард иргэд ч алс хол суудаг ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө гарыг цайлгах, мөн аймгийн төрийн байгууллагууд гадаад, дотоодын төлөөлөгчдөд бэлэг дурсгал бэлдэхдээ зөвхөн нутагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн сонгохыг уриалж, энэ хандлагыг төлөвшүүлэхэд багагүй ажил өрнүүлнэ гэж тус аймгийн удирдлага ярьж байна.

Холбоотой мэдээ