БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 6284 болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-06 10:01:28

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д баасан гарагт коронавирусний халдварын 518 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 6284-д хүрчээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь зүүн өмнөд нутгийн Дэгү хот, Умард Гёнсан мужид илэрчээ.


“Баасан гаргийн өглөөний байдлаар халдварын улмаас 42 хүн нас барсан. Тэдний дийлэнх нь өндөр настай, суурь өвчтэй хүмүүс байсан” гэж БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.


Мөн нийт халдвар авсан хүмүүсийн 60 орчим хувийг 2.5 сая оршин суугчтай Дэгү хотын Шинчонжи сүмтэй холбоотой хүмүүс эзэлж байгаа аж. Баасан гарагт бүртгэгдсэн 518 шинэ тохиолдлын 367 нь Дэгү хотод, 123 нь Умард Гёнсан мужид илэрчээ. Ингэснээр Дэгүд 4693, Умард Гёнсанд 984 хүн халдвар авсан нь тогтоогджээ.


БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарласнаас хойш эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд Дэгү, Умард Гёнсаны халдварын тархалтыг хязгаарлахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, бүрэн эдгэрсэн өвчтөнүүдийн тоо пүрэв гарагт 20-иор нэмэгдэж 108 болжээ.


БНСУ-д пүрэв гаргийн байдлаар халдвар авсан байх магадлалтай 21832 хүнийг тусгаарласан бөгөөд хоёрдугаар сарын 3-наас хойш 158456 хүнээс коронавирусний шинжилгээ авснаас 136624 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. 

Холбоотой мэдээ