Дархан-Уул аймагт гурван иргэнийг тусгаарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-06 13:07:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавируст халдвар бүртгэгдээд буй Итали, Тайланд улсад зорчоод ирсэн гурван иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарласан талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Буянжаргал өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр,  “Монгол Улсад нэгдүгээр сарын 9-нөөс өчигдөр оройны 23 цаг хүртэлх хугацаанд  сэжигтэй 858 иргэнийг ажиглалтад авсан. Одоогоор 476 иргэн ажиглалтад байна. Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өнөөдөр өглөө 104 хүн ирснээс 17 тохиолдлыг ажиглалтад аваад байна.  Мөн ХӨСҮТ-д 5, Багабаян дахь амралтад 12 хүнийг тусгаарласан. Өнөөдрийн байдлаар Алтанбулагийн хилээр орж ирсэн 3 хүнийг Дархан-Уул аймагт тусгаарласан. Тэдгээр иргэн нь Алтанбулагийн хилээр орж ирсэн, Итали, Тайландад зорчсон, халуурах шинж тэмдэг илэрсэн тул сэжигтэй гэж үзэж байгаа. Түүнчлэн ОХУ-аас 500 оношлуур хүлээж авсан. ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгслүүд бүхий 560 кг ачааг хүлээн авлаа” хэмээв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү,ХӨСҮТ-д энэ сарын 4-нд нэг иргэнийг тусгаарлаж шинжилгээ авахад “COVID-19” халдвар илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д  хүн тусгаарлагдаагүй. Харин өнөөдөр таван хүн байна” гэв.

Халдвар илэрсэн тохиолдолд, оношлуурын нөөц хангалттай эсэхийг түүнээс тодруулахад, "ДЭМБ, Япон, ОХУ-аас оношлуур хүлээж авсан. Бид зөв зохистой ашиглаж байна. Мөн нөөцөд хангалттай оношлуур байгаа" гэсэн тайлбарыг өглөө.

П.Хүслэнтуяа

Холбоотой мэдээ