ДЭМБ: Халдвартай тэмцэх бэлтгэлийг эмнэлгүүд маш сайн хангасан гэж дүгнэсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-06 14:08:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын ХБНГУ-аас ирсэн багийнхан нийслэл болон орон нутгийн эмнэлгүүдэд шинэ коронавируст халдвараас хэрхэн сэргийлэх сургалт явуулж буй талаар ДЭМБ-ын зөвлөх багийн ахлагч Хауке Флориан ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр танилцууллаа.

Тэрбээр хэлэхдээ, “Нийслэлийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Халдвар гарсан тохиолдолд хэрхэн ажиллах бэлтгэлийг маш сайн хангасан гэж үзсэн. ДЭМБ-аас ирсэн баг эмнэлгүүдэд явуулж буй сургалтынхаа хүрээнд,  дэлхий дахинд “COVID-19” халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь хөнгөн хэлбэрийн шинжтэй байгаа учраас үүнд зохицсон эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа. Өчигдөр орон даяар бүх шатны эмнэлэгт мэдээлэл хүргэх сургагч багш нарыг сургалтад хамрууллаа. Түүнчлэн хувийн хамгаалах хэрэгсэл хомсдох хандлагатай байгаа тул ямар тохиолдолд ашиглах,  хэрхэн зөв өмсөж, тайлах талаар сургалт явуулсан. Монгол Улсад “COVID-19” халдвар гарсан тохиолдолд эмнэлгүүд аюулгүй байдлаа хангах нь маш чухал. Тиймээс сургалтаараа дамжуулан  халдвараас сэргийлэхийн тулд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй иргэдийг хэрхэн тусгаарлах талаар мөн заасан. Байгаа нөөц боломждоо тааруулан эмнэлгийн ажилтнууд ямар нөхцөлд хамгаалах хувцас, N95 амны хаалтыг хэрэглэх талаар ДЭМБ-ын зөвлөмжийг өгч байна. Өчигдрийн сургалтын үеэр онцгойлон заасан нэг сэдэв бол олон хүн цугладаг хүлээлгийн өрөөнд халдваргүйжүүлэлт хэрхэн хийх тухай байлаа” гэв.

Мөн тэрбээр “COVID-19” халдвараас сэргийлэхийн тулд ханиаж найтаахдаа тохойгоо нугалан, нүүрээ тохойндоо ойртуулж ханиах, ханиаж байгаа хүнээс 1.5 м зайтай байх, гарын ариун цэврийг сахих, дор хаяж нэг минутын турш савандаж, сайтар угаахыг зөвлөлөө.

 

П.Хүслэнтуяа

Холбоотой мэдээ