Экспортлохоор бэлдсэн 12 мянган тн махыг дотоодод нийлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-09 11:28:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мах бэлтгэн нийлүүлэх 60 гаруй ААН 12 мянган тонн мах экспортлохоор бэлдээд байсан нь чанарын шаардлага хангаагүй байна. 

Тухайн орноос тавьж буй нядалгааны стандартыг хангаагүй, мөн зарим махны үйлдвэр технологийн горимыг мөрдөөгүй зэрэг шалтгаанаар дээрх хэмжээний махыг экспортод гаргахгүй болжээ. Тиймээс дотоодын хэрэгцээнд зориулахаар болсныг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан УОК-ын өчигдрийн хуралдаан дээр мэдэгдсэн. Тэрээр, "Хэдийгээр экспортын шаардлага хангаагүй ч дотооддоо хэрэглэж болох стандарт хангасан тул нөөцөд авч хэрэгцээнд гаргаж байна" гэв. 

ХХААХҮЯ-ны мэдээгээр өнөөдрийн байдлаар махны нөөц 12 мянган тонн байна. Нөөцийг нэмэгдүүлэх боломжтойг мэдэгдэж байна. Өнгөрсөн жил өдөрт 60-70 тонн мах нийлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар өдөрт 100 тонн нөөцийн мах нийлүүлэх боломжтой аж. Нөөцийн махыг өнөөдрөөс худалдаж эхэллээ. 


Холбоотой мэдээ