Зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-03-09 12:58:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Золзаяагаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна. 

Ажлын хэсэг өглөө 09:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Онцгой комиссын гишүүдтэй уулзалт хийж ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, Дархан-Уул аймагт авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож харилцан ярилцлаа.

Уулзалтын дараагаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн хэсэг, Халдвартын тасгийн тусгаарлалтын хэсэг дэх шар, ногоон, улаан бүсийн үйл явцад хяналт тавьж ажиллах аж. Мөн аймгийн Эрүүл мэндийн газарт ДЭМБ-ын зөвлөн туслах баг аймгийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдэд халдварын шинж тэмдгийг хэрхэн таних, мөн халдвар дамжих зам, эрэмбэлэн ангилах, тусгаарлах, хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ, халдваргүйжүүлэлт зэрэг сэдвийн хүрээнд сургалт явуулахаар төлөвлөжээ.  ДЭМБ-ын Зөвлөх баг 3 дугаар сарын 2-11-нд Монголд байх бөгөөд энэ хугацаанд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь аймагт ажиллахаар төлөвлөсөн ажээ.

Тус ажлын хэсгийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаж "Ковид-19" халдварын сэргийлэлт, хяналтын бэлэн байдалтай газар дээр нь танилцаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ