Их аварга Какүрюү, Озэки Такакейшо нар уналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-09 17:36:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотноо болсон мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн 2 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Дайэйшог /Магаэшира-1/ сукуинаге мэхээр давлаа.


Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд энэ өдөр Комүсүби Хокүтофүжид окуритаоши мэхээр унаж 1 даваа, 1 унаатай болов. Энэ башёгийн ганц Озэки цолтон Такакейшо, Окиноүмид Уватэнаге мэхээр унаж нэг даваа, нэг унаатай болсон бол Сэкиваке Шодай, Такаясүг сукуинаге мэхээр давж 2 дахь даваагаа авлаа.


Мөн энэ өдөр Сэкиваке Асанояма, Токушёорюүг уватедашинаге мэхээр унагаснаар хоёр даваатай болов. Макүүчи зиндааны хамгийн бага жинтэй сумоч Энхотой /М-4/ энэ өдөр Рюүдэн /М-5/ таарч шитатэнаге мэхээр ойчсоноор тэдний даваа унаа тэнцээд байна.


Монгол сумочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй таарч нутгийн дүүд  окуридаши мэхээр унасан бол Азүмарюү /М-16/ С.Тодбилэг, Цуругишёод /М-15/ ёрикири мэхээр ойчиж тэдний унаа, даваа нэг нэг болов.

Хаврын буюу Хару башёгийн барилдаан 15 өдрийн турш сумогийн ордондоо үзэгчгүй болох юм.

 

Холбоотой мэдээ