БНСУ-д коронавирусний халдварын 131 шинэ тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-03-10 10:01:21

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д даваа гарагт коронавирусний халдварын 131 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 7513 болжээ. Тус улсад сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нэг өдөрт хамгийн цөөн тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.


“Мягмар гаргийн өглөөний байдлаар халдварын улмаас нас барсан хүний тоо 54-т хүрсэн. Тэдний дийлэнх нь суурь өвчтэй, өндөр настай хүмүүс байсан” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.


БНСУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 63 орчим хувийг тус улсын дөрөв дэх том хот болох 2.5 сая хүн амтай Дэгү хотын Шинчонжи сүмтэй холбоотой хүмүүс эзэлж байгаа юм.


Шинчонжи сүмийн 210 мянган гишүүнээс шинжилгээ авч дууссантай холбоотойгоор ойрын өдрүүдэд халдварын шинэ тохиолдлын тоо буурах төлөвтэй байгаа хэдий ч холбогдох албаны төлөөлөгчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан хэвээр байна.


Шинээр бүртгэгдсэн 131 тохиолдлын 92 нь Дэгүд, 10 нь Умард Гёнсанд, 11 нь Сөүлд бүртгэгдсэн бөгөөд даваа гаргийн оройны байдлаар Дэгүд 5663, Умард Гёнсанд 1117 тохиолдол илэрчээ.


БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарласнаас хойш эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Дэгү, Умард Гёнсаны халдварын тархалтыг хязгаарлахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ