Бүх шатны шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-10 15:46:52
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлт хүргүүлэв. 


Тэрбээр коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлж дээрх асуудлыг УОК-оор яаралтай хэлэлцүүлж, халдваргүйжүүлэлтийн бодис, нэг удаагийн амны хаалт, хамгаалалтын хувцас, хэрэглэлээр бүх шатны шүүхийг хангахад дэмжлэг үзүүлэхийг түүнээс хүссэн байна.


Улсын хэмжээнд анхан шатны шүүхүүд 2020 оны хоёрдугаар сард 7067 шүүх хуралдаан зарлаж, 5680 хэрэг маргаан шийдвэрлэжээ. Нийслэл дэх анхан шатны шүүхүүдэд өдөрт дунджаар 50 орчим шүүх хуралдаан товлогддог ба нэг хуралдаан нь 10 ба түүнээс дээш оролцогчтойгоор явагддаг. Шүүх хуралдааны танхим 25-50 м.кв талбайтай, агааржуулалт муу зэрэг нөхцөл байдлын улмаас коронавируст халдвар тархах өндөр эрсдэлтэй байна гэж Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ