"COVID-19" шил, төмөр, хуванцар, цаасан гадаргууд 2-3 хоног амьдрах чадвартай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-03-12 11:28:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тагнуулын ерөнхий газраас "COVID-19" халдварын талаар БНХАУ-ын судлаачдын гаргасан судалгааг танилцуулж байна.


БНХАУ-ын халдвар судлаачид “COVID-19” нь 30 минут хүртэл хугацаанд 4.5 метр зайд агаарт тархах чадвартай гэдгийг тогтоожээ. Мөн тухайн гадаргын онцлог, төрөл, орчны температураас шалтгаалан гадаргуу дээр харилцан адилгүй хугацаанд амьдрах чадвартай. Тухайлбал, уг вирус 37 хэмийн орчинд шил, бөс даавуу, төмөр, хуванцар, цаасан гадаргууд 2-3 хоног амьдрах, хүний биеэс ялгарч буй шингэн болон өтгөнд 5 хүртэл хоног амьдрах чадвартайг судлаачид анхааруулж байна.


Судлаачид энэ оны нэгдүгээр сарын 22-нд Хунань мужид 48 суудалтай, хот хоорондын нийтийн тээврийн автобусанд гарсан халдвар хэрхэн тархсан талаар зураглал гаргасан байна. Халдвартай иргэн болон бусад зорчигч автобусанд суух үедээ амны хаалт хэрэглээгүй байсан бөгөөд цонхнууд нь бүгд хаалттай байжээ.  


Судалгааны дүнд битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед "COVID-19" илүү хол зайд тархаж байгаа нь тогтоогдсон байна. Халдвартай хүн автобусанд сууснаас хойш нэг ч хүнтэй яриагүй бөгөөд түүнийг автобусанд байх үед 7 хүнд вирус халдварласан байна. Түүнчлэн халдвар тээгч автобуснаас буусны дараа ч вирус тухайн орчинд үлдэж, халдвар тархаж байжээ. Халдвар тээгч тухайн автобуснаас буун дараагийн автобусанд сууж явах үед түүнээс 4.5 метрийн зайд сууж явсан 2 иргэн халдвар авсан бөгөөд хоёрдугаар сарын дунд үе гэхэд анхны халдвар тээгч нийт 13 хүнд вирус тараасан байна.


Гэвч уг судалгаанд зарим зүйл тодорхойгүй үлдсэн бөгөөд халдвартай иргэнтэй зэрэгцэн сууж явсан хүмүүс халдвар аваагүй нь сонирхол татаж байгаа аж. Судалгааны дүнд үндэслэн Хятадын эрх баригчид  иргэддээ дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:


Амны хаалт тогтмол зүүх, гараа байнга угааж, хувийн ариун цэвэр чанд сахих;

Автобус, онгоц, машин зэрэг битүү орчинд байхдаа амны хаалт тогтмол зүүх;

Гараа угааж цэвэрлээгүй үедээ нүүр, ам болон биеийн бусад хэсэгт гараараа хүрэхгүй байх;

Олон нийтийн үйлчилгээний газруудад савх, халбага хэрэглэхгүй байх;

Олон нийтийн газар тамхи татахыг хориглож, тамхины цэгүүдийн тоог багасгах;

Нийтийн тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг өдөрт 1-2 удаа хийхийг зөвлөж байна.

Холбоотой мэдээ