Захиалгат нислэгээр ирэх иргэд БНСУ-д шинжилгээнд хамрагдахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-12 16:31:00
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монгол Улс БНСУ-д богино хугацааны визтэй очсон, хүндэтгэх шалтгаантай иргэдээ захиалгат нислэгээр авах болсонтой холбогдуулан иргэдийг "COVID-19" шинжилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг солонгосын талаас хүсжээ.


Мөн визийн хугацаа нь дуусгавар болж буй оюутнуудын визийн асуудлыг нааштай шийдвэрлэх талаар хамтран ажиллахыг хүссэн байна.


Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Засгийн газар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч байгааг үнэлээд, БНСУ руу захиалгат нислэг үйлдэхтэй холбогдуулан Монголын талаас тавьсан хүсэлтийг өөрийн улсын ГХЯ, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын төв зэрэг холбогдох байгууллагуудад шуурхай уламжилснаа мэдэгджээ.


Одоогоор БНСУ-д ямар нэг шинж тэмдэг илрээгүй гадаад, дотоодын иргэдийг "COVID-19"-ийн шинжилгээнд хамруулахгүй байгаа тул дээрх нислэгээр ирэх монгол иргэдийг урьдчилан шинжилгээнд хамруулах нь хүндрэлтэй болохыг тайлбарласан байна.


Харин иргэдийг онгоцонд суулгахаас өмнө эрүүл мэндийн байдлын талаар асуулга авах, гурван үе шаттайгаар халууныг хэмжих зэрэг бусад аргаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн БНСУ-д суралцаж буй, визийн хугацаа нь дуусгавар болж буй монгол оюутнуудын визийн асуудлыг нааштай шийдвэрлэхийн төлөө байгаагаа Элчин сайд тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ