Гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-03-12 16:24:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” үндэсний өдөр энэ сарын 15-нд тохионо. Эл өдрийг Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2018 оны 121/А780 дугаар тушаалаар Олон улсын хэрэглэгчийн өдөр буюу 3 дугаар сарын 15-ны өдрийг жил бүр тэмдэглэхээр болсон.

Энэ жил “Хүүхэд хэрэглэгч-Хүүхдийн эрүүл мэнд, цэвэр орчин” сэдвийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан удирдамжийн дагуу энэ сарын 15-30-нд зохион байгуулах юм.

Хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан энэхүү үйл ажиллагааг хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эрүүл, аюулгүй, зөв хэрэглээг гэр бүлд хэвшүүлэх, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар мэдээлэл, зөвлөмжийг цахим орчин, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хүргэж, олон нийтийг хамран зохион байгуулахгүй байхаар төлөвлөжээ.
2019 онд “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” өдрийн хүрээнд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдэд зориулагдсан бараа үйлчилгээг чанартай болгоход анхаарлаа хандуулж байсан бол энэ жил гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байгаа аж.

 

Холбоотой мэдээ