Нэг хүнд ногдох давсны зохистой хэрэглээг хоногт 5 гр байна гэж тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-03-13 10:27:32

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сард “Давсны мэдээлэл сурталчилгааны долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэгтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн ЭМГ-аас иргэдэд давсны хэрэглээг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай билээ.


Энэ удаа тус газраас аймгийн төвийн нийтийн хоолны газруудад “Давсгүй цайтай нэг өдөр” үйл ажиллагаа зохион байгуулах уриалга хүргүүлэн, иргэдийг давсны хэрэглээгээ бууруулах, эрүүл мэндэд хэрхэн ач холбогдолтой талаар зөвлөмж мэдээллийг хүргэж байна. 

Тус аймаг 2019 онд иргэдийн давсны хэрэглээний талаар түүврийн аргаар 10 сумын 1735 хүнээс  асуумж судалгаа авахад 17.2 хувь нь давс эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг мэддэг, 28 хувь нь давсгүй цай уудаг гэсэн нь иргэдийн давсны хэрэглээ өндөр байгааг илтгэж байна. Мөн өнгөрсөн жилээс Говь-Алтай аймгийн бүх эрүүл мэндийн байгууллагууд өвчтнүүдэд давсгүй цай, давс багатай хоолоор үйлчилдэг болсон бөгөөд энэ жил боловсролын байгууллагууд буюу дотуур байрны хүүхдийн хоол үйлдвэрлэлийн давсны орцыг бууруулахаар зорин ажиллаж байна хэмээн ЭМГ-аас мэдээлэв.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар нэг хүнд ногдох давсны зохистой хэрэглээг хоногт 5 гр байна гэж тогтоосон байдаг бол Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн иргэдийн хувьд хоногтоо 15 гр давс хэрэглэж байгаа нь иргэдийн дунд зонхилж буй зүрх судас, чихрийн шижин, даралт ихсэх зэрэг өвчлөлийн голлох шалтгаан болдог байна. 

Давсны хэрэглээг бууруулж нэг хүн хоногт таван гр давс хэрэглэдэг болсноор цусны даралт ихсэх эрсдэлийг 30 хувиар, зүрх судасны өвчний шалтгаант нас баралтыг 17 хувиар, тархины харвалтын шалтгаант нас баралтыг 23 хувиар бууруулах боломжтой гэдгийг эрдэмтэд судалсан байна. Хүмүүс хоногийн давсны хэрэглээгээ цай, хоолонд хийсэн давсаараа илэрхийлдэг бөгөөд цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүн, утсан махан бүтээгдэхүүн, даршилж нөөшилсөн ногоо, шаржигнуур төмс зэрэгт давс ихээр агуулагддаг гэдгийг төдийлөн мэддэггүй ажээ.


Холбоотой мэдээ