Улсын физикийн олимпиад Мандалговьд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-28 12:54:20

Улсын физикийн 29- р олимпиад өнөө өглөө Мандалговь хотод эхэллээ.  Олимпиадыг 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 150 гаруй багш, сурагчид зорин иржээ.

Өчигдөр орой аймгийн театрт олимпиадыг албан ёсоор нээсэн бөгөөд олимпиадыг нээж аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ, Дундговь аймгаас Монгол улсын гавъяат багш Д.Дамдинжав, МУИС-ийн дэргэдэх Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч физикийн ухааны доктор, профессор Г.Хүүхэнхүү, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн профессор, физикийн ухааны доктор, профессор Н.Түгжсүрэн, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн зөвлөх профессор, физикийн ухааны доктор, профессор Н.Норов, Физик технологи, Одон орон геофизикийн хүрээлэнгийн ууган ажилтан асан, физикийн ухааны доктор А.Гүнчин-Иш нарын олон эрдэмтэн төрснийг онцлоод энэ эрдэмтэдийн төрөлх нутагт Улсын олимпиад зохион байгуулж буй нь Дундговь аймгийн түүхэнд бичигдэх бас нэгэн үйл явдал болж байгааг тэмдэглэн хэлсэн юм. Тэрээр эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд амжилт хүслээ.

Улсын физикийн олимпиадын хорооны дарга М.Ганбат улсын олимпиад зохион байгуулах саналыг нааштай хүлээн авсан Дундговь аймгийн удирдлагуудад талархал илэрхийлээд, “Улсын физикийн олимдиадад оролцоно гэдэг бол байгалийн үзэгдэл юмсын  цаад учир шалтгааныг тунгаан бодож, нарийн уялдаа холбоог олох, тухайн асуудлыг  задлан шинжилж, нэгтгэн дүгнэх оюун ухааны их чадамж, гүн гүнзгий сэтгэн бодох ур чадвараа сорих таатай боломжийг олгодгоороо онцлог юм. Өнөөдөр монголын физикчдийн манлай эрдэмтэд дэлхийн физикчдийн эгнээнд хөл нийлүүлэн алхаж, нээлт бүтээлээ гарган, алдар нэрээ цуурайтуулж байна. Тэр дундаа Улсын физикийн олимдиадад оролцож байсан олон олон хүүхдүүд физикийн шинжлэх ухааны төрөл бүрийн салбарт төдийгүй техник, технологийн олон салбарт нэртэй сайн мэргэжилтнүүд болж чадсан байна. Цаашид ч Улсын олимпиадаас олон сайн мэргэжилтэн, эрдэмтэд төрнө гэдэгт итгэж байна” гэлээ.      

         

Мандалговь хотноо 3 өдөр үргэлжлэх энэ удаагийн олимпиадад Физик технологийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, академич Р. Тогоо, Монголын физикийн багш нарын “БОЗОН” холбооны тэргүүн, Монгол Улсын гавъяат багш Н. Алтангэрэл, МУИС- ын Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын захирал Ц. Амартайван, МУБИС- ын Байгалийн ухааны сургуулийн захирал О. Алтангоо нарын физикийн шинжлэх ухааны эрдэмтэд хүрэлцэн ирсэн байна. Мөн Дундговь аймагт ажиллаж байсан физикийн ахмад багш уригдан иржээ.

Физикч багш, сурагчдын мэдлэг, ур чадварыг шүүн тунгаахаар МУИС, МУБИС, ШУТИС, “Шинэ Монгол” ахлах сургуулийн багш нар ажиллаж байна.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ