Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 25-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болох “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.
“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, эхний өдөр буюу 9 дүгээр сарын 25-ны өдөр байр сууриа илэрхийлж үг хэлнэ. Мөн дээд хэмжээний уулзалтын үеэр болох “Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэх юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, үг хэлнэ.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бүх нийтийг тогтвортой хөгжилд татан оролцуулах нь” сэдэвт Дээд хэмжээний арга хэмжээ, “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр түвшний чуулга уулзалт”, “Энхийг сахиулах үйл ажиллагааны асуудлаарх” Дээд хэмжээний тусгай арга хэмжээ болон “Эмэгтэйчүүдийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалт”-д тус тус оролцохоор төлөвлөж байна.
Сэтгэгдлүүд