Ё.Баатарбилэг: Монгол-Японы сургалтын эмнэлгийг хувьчлахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-18 13:13:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлж санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв. 


Тэрбээр, "Хэвлэл мэдээллээр, сүүлийн өдрүүдэд тус эмнэлгийг хувьчлах гэж байгаа гэх зэрэг буруу ташаа мэдээ гарсан. Ийм асуудал байхгүй. Өнөөдрөөс БСШУСЯ-нд албан ёсоор шилжиж байна. Маргаашаас ажлын баг гаргаж тухайн эмнэлэг дээр ажиллана. Сангийн яамнаас эмнэлэгт зарим дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийн асуудлыг Дэлхийн банкны 14 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шийдэхээр болсон. Өөр хүндрэлтэй асуудал байхгүй, цаашид энэ эмнэлэг хэвийн ажиллана" хэмээв. 


Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг дүрс оношилгоо, лаборатори, дуран, уламжлалт анагаах ухаан, амбулатори гэсэн хэсгээр ажиллаж байна.


Япон улсын Засгийн газраас тус эмнэлгийг буцалтгүй тусламжаар байгуулаад зогсохгүй хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий MRI, КТ зэрэг дүрс оношилгооны тоног төхөөрөмж, судсан дотуурх оношилгооны иж бүрдэл, лабораторийн бүрэн автомат анализатор зэргийг суурилуулсан юм.

Холбоотой мэдээ