Уран уншлагын цахим тэмцээн зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-03-18 19:28:00

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Насан туршийн боловсролын төвөөс аймгийн Цэргийн штабтай хамтран уран уншлагын цахим тэмцээнийг зарласан байна.

"Эх оронч монгол хүн" нэртэй уг уралдаанд оролцохыг хүссэн иргэд 80070230 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авч, бүртгүүлэх аж. Улмаар цэрэг, эх орны сэдэвтэй 8-16 мөр шүлгийг уран яруу, тодоор уншин бичлэг хийж, өөрийн уншсан видео бичлэгээ "Өмнөговь Насан туршийн боловсрол" гэсэн цахим хуудсанд байршуулах юм байна. Бичлэгээ байршуулахдаа бусдыг эх оронч байхад уриалсан утга бүхий бичвэртэй хамт оруулах юм.

Энэ сарын 25 хүртэл уралдаанд оролцогчдын эрх нээлттэй байх аж. Уралдааныг шалгаруулахдаа 40 хүртэл оноог цахим хандалтыг үндэслэх бөгөөд 60 хувийн оноог зөвлөх багш нар шалгаруулна. "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлж байгууллагууд богиносгосон цагаар ажиллаж, сургууль цэцэрлэг үйл ажиллагаа явуулахгүй байгаа ийм үед хүүхэд залуусыг гэртээ цаг заваа үр бүтээлтэй зарцуулж, эх оронч байдлыг эрхэмлэхэд энэхүү уралдааны зорилго оршиж байгаа юм. Энэхүү уралдаанд 15-35 насныхан оролцох боломжтой.

Холбоотой мэдээ