ӨМНӨГОВЬ: "Эх хэл үндэсний дархлаа" уралдаан зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-11-13 12:04:17

Даланзадгад, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг үндэсний хэмжээнд зохион байгуулж буй "Эерэг хандлага-Идэвхтэй залуучууд" аяны хүрээнд "Уран бичиг" клубийн нэрэмжит "Эх хэл үндэсний дархлаа" сэдэвт үндэсний бичгийн аварга шалгаруулах уралдааныг 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

 

Уралдаанд Ханхонгор, Цогтцэций, Даланзадгад сумын 153 хүүхэд цэвэр бичиг, уран бичиг, багаараа хурдан унших гэсэн 3 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулжээ.

 

Уралдааныг улсын тэргүүний 3 дугаар сургуулийн Монгол хэл, бичиг, уран зохиолын секцийн багш нар, Монголын урчуудын эвлэлийн Өмнөговь аймгийн салбарын удирдах зөвлөлийн гишүүн, чөлөөт уран бүтээлч Г.Ганзориг, "Уран бичиг" клубийн тэргүүн 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Анужин нар шүүн явуулжээ.

 

Уралдааны цэвэр бичиг буюу хичээнгүй бичгийн төрлийн тэргүүн байрт Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн 12б ангийн сурагч С.Батмаа, дэд байрт Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Б.Ариунзаяа, гутгаар байрт Даланзадгад сумын 3-р сургуулийн 9а ангийн сурагч Б.Цэлмэг,  уран бичиг буюу бийрэн бичиг төрөлд тэргүүн байрт Даланзадгад сумын Эрдмийн гэгээ 2 дугаар сургуулийн 11а ангийн сурагч М.Буянзаяа, дэд байрт Ханхонгор сумын 12а ангийн сурагч О.Төгөлдөр-Эрдэнэ, гутгаар байрт Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Э.Цэлмүүн нар эзэлжээ.

 

Харин хурдан уншлага төрөлд тэргүүн байрт Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн сурагчид Ш.Бөртэ-Үжин, Ж.Сайхантуяа, Б.Оюундэлгэр, Э.Гэрэлмаа, Г.Намуунаа нар нийт 1минутад 653 үг, дундаж үгийн тоо 130,6, дэд байрт Даланзадгад сумын 3-р сургуулийн сурагчид С.Батмаа, Н.Эрдэнэзул, Т.Азбаяр, Эмүжин, Э.Анубаясгалан нар нийт 1 минутад 381 үг, дундаж үгийн тоо 76,2, гутгаар байрт Даланзадгад сумын 4 дүгээр сургуулийн сурагчид Б.Мөнгөнтүлхүүр, Б.Должидмаа, Б.Дэлгэрмаа, Г.Номин-Эрдэнэ, О.Хосжаргал, нар нийт 1 минутад 334 үг, дундаж үгийн тоо 66,8 үг уншсан амжилтуудыг гаргажээ.

 

"Уран бичиг" клуб нь 2024 онд байгуулагдаж тэргүүнээр нь Т.Анужин, Т.Юмжимаа нар үндэсний бичиг, бийрэн бичиг сонирхогчдод тасралтгүй сургалт зохион байгуулж ирсэн бөгөөд одоогоор сургалтаар дамжуулан 206 цагийн сайн дурын ажил хийсэн байна.

 

Холбоотой мэдээ