Олимпын галт бамбарыг Японд авчирлаа

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2020-03-20 15:00:01

ТОКИО. /Japan Times/. Олимпын галт бамбарыг Грек улсаас Япон улсын хойд нутгийн Мияги муж дахь агаарын цэргийн баазад өнөө өглөө авчирч, цомхон хүрээг хамарсан ёслолын ажиллагаа зохион байгууллаа.


Коронавирусний халдварын улмаас Токиогийн Олимп урьдчилан товлосны дагуу ирэх долдугаар сарын 24-нд эхлэх эсэхэд олон нийт эргэлзэж буй энэ үед “Japan Airlines”, “All Nippon Airways” агаарын тээврийн компанийн хамтран үйлдсэн нислэг Мияги мужийн Өөрийгөө хамгаалах агаарын хүчний Мацүшима баазад газарджээ.


Токиогийн Олимпын наадмыг төлөвлөсний дагуу зохион байгуулна гэж зохион байгуулагчид, Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ зүгээс мэдэгдэж байгаа боловч хойшлуулах, цуцлах сонголтыг ч мөн боломжтой хэмээн үзэж байгаа ажээ.


“Олимпын галт бамбарыг сүүлийн 56 жилийн хугацаанд анх удаа Японд авчирлаа. Энэхүү бамбар олон хүний итгэл найдварыг гэрэлтүүлнэ гэдэгт итгэж байна” гэж Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори хэлжээ.


Бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид тулгуурлан ОУОХ, Японы Засгийн газар, Токио хотын засаг захиргаатай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, наадмын үеэрх аюулгүй байдлыг баталгаажуулна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Галт бамбарыг Японд авчирсан нь Олимпын наадмыг төлөвлөсний дагуу зохион байгуулах байр суурийг баримталж буй ОУОХ болон наадмыг зохион байгуулагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой бөгөөд бамбарыг Японы нутаг дэвсгэрээр аялуулах буухиа Фүкүшима мужаас энэ сарын сарын 26-нд эхэлнэ.

Холбоотой мэдээ