Т.Бах Токиогийн Олимпыг зохион байгуулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг зөвтгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-03-22 10:47:51

ТОКИО. /NHK/. “Токио-2020” Олимпын наадмыг “ирэх бямба гарагт болох хөл бөмбөгийн тэмцээн шиг” хойшлуулж болохгүй гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах хэлжээ. Тэрбээр Германы радиод ярилцлага өгөх үеэрээ энэ талаар ярьжээ.


Сүүлийн үед Олимпын наадмыг хойшлуулах уриалга нэмэгдсээр байгаа юм. Т.Бахын хэлснээр, Олимпыг хойшлуулах үйл явц нь маш төвөгтэй бөгөөд уг шийдвэрийг гаргах баталгаатай, тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд хариуцлагатайгаар хэрэгжүүлэх шаардлагатай ажээ.


ОУОХ-ны тэргүүнээс коронавирусний цар тахлын талаар асуухад, нөхцөл байдал хэвийн биш байгааг онцлоод, одоогийн байдлаар ямар нэгэн шийдэл байхгүй байна гэж хариулжээ. Мөн тэрбээр Токиогийн Олимпыг цуцлах нь 206 улс орон, нутаг дэвсгэрийн 11 мянган тамирчны хүсэл мөрөөдлийг үгүй хийнэ гэдгийг тэмдэглээд, уг наадмыг зохион байгуулахын төлөө үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргана гэж хэлжээ. 

Холбоотой мэдээ