Засгийн газар хорио цээрийн хугацааг сунгах УОК-ын шийдвэрийг дэмжлээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-22 15:50:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, УОК-ын энэ сарын 20-нд гаргасан шийдвэрийг дэмжиж тогтоол баталлаа. 


УОК-ын энэ сарын 20-ны хуралдаанаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн, бүх сургууль цэцэрлэгийн сургалтыг зогсоосон, олон улсын хуваарьт нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон хугацааг тус тус дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан юм. 


Дээрх шийдвэрийн хүрээнд бүх шатны сургалт дөрөвдүгээр сарын 30-ны пүрэв гарагт эхэлж ням гараг хүртэл хичээллэх аж. Үүнээс хойш хэвийн үргэлжлэхийн сацуу бямба гарагуудад нөхөж хичээллэх юм байна. Ийнхүү бага анги зургаадугаар сарын 6, дунд, ахлах анги зургаадугаар сарын 13-ныг дуустал хичээллэх бөгөөд цэцэрлэг тавдугаар сарын 31 хүртэл ажиллах юм. Энэ оны эхний хагас жилд болох соёл урлагийн тоглолт, олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнийг хорьсон ч олимпод бэлтгэх шигшээ багийг тусгай орчинд, онцгой горимоор бэлтгэл хангуулахаар болжээ.


БНХАУ, БНСУ, БНКазУ, ОХУ болон Европын улс руу хийх нислэгийг зогсоосон хугацаа дээрх хугацаагаар мөн сунгагдсан. Мөн БНХАУ-ын Эрээн, Хөххот, Бээжин, ОХУ-ын Эрхүү, Москва, чиглэлийн олон улсын хуваарьт галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон шийдвэр хамаарах юм. Харин орон нутгийн агаарын болон төмөр замын тээвэр хэвийн үргэлжлэх бөгөөд ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг авч ажиллаж байна.

Холбоотой мэдээ