Угаар мэдрэгчийг өнөөдрөөс дахин хуваарилж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-23 11:26:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын 62-р тогтоолын хүрээнд эхний ээлжинд гэр хорооллын 70 мянган өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулсан бол дараагийн ээлжийн 65 мянган ширхгийг өнөөдрөөс тарааж эхэллээ.

Манай улс угаар мэдрэгчийг БНХАУ-аас авч нийлүүлж байсан юм. Тус улсад "COVID-19"-ийн халдвар тархаж, үйлдвэрийн үйл ажиллагаа түр хугацаанд зогссоноор угаар мэдрэгчийн нийлүүлэлт түр саатаад байв. Хэд хоногийн өмнөөс эхлэн үйлдвэр хэвийн ажиллаж нийлүүлснээр өнөөдөр Улаанбаатар хотод дараагийн ээлжийн 65 мянган ширхэг угаар мэдрэгчийг НОБГ, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хүлээн авч айл өрхөд хүргэж байна.


Угаар мэдрэгч нь үйлдвэрээсээ битүүмжлэгдэн гарч, Монгол Улсын хил дээр дахин ариутгал халдваргүйжүүлэлт хийн нэвтрүүлсний дараа НОБГ мөн хүлээн авахдаа ариутган халдваргүйжүүлж байна. Угаарын хий мэдрэгчийг тарааж суурилуулахдаа заавар зөвлөгөөг хүргэж байна. 

Гадаа дулаарч байгаа учир гадаад, дотоод орчны хэмийн зөрүү багасаж, улмаар айл гэрийн яндангийн таталт муудан угаартах эрсдэл хавар нэмэгдэн гардаг. Тиймээс иргэдийг дулаарч байна гээд анхаарал болгоомжоо сулруулж болохгүй, яндан, пийшингээ хөөлөхийг сануулан анхааруулсан зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгч байна. 




Холбоотой мэдээ